Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа.
Хуралд холбогдох албаныхан оролцож чиг үүргийнхээ дагуух мэдээллийг өгөв.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж, хилийн хоригууд тавьж байгаагаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байгааг цохон тэмдэглэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 21,000 иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаараа дамжуулан эдгээр иргэнд сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг тогтмол хүргэсээр байгаа.
ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар импортлогдон орж ирж байгаагийн улмаас гадаадаас ирж буй бүх хүнд өндөр хяналт тавьж, 14 хоног тусгаарлах болсон. Тиймээс иргэд БНХАУ, ОХУ-аар дамжих эх орондоо ирэх боломжгүй болсон" гэв. Түүнчлэн ар гэрийнхэн нь гадаад улсад байгаа иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байхыг уриалсан юм.
Сүүлийн үед гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэхийг иргэд ихээр асуух болжээ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Чартер нислэг хийх эсэх нь шийдэгдээгүй байна. Гадаад улс руу чартер нислэгээр явах хүсэлтэй иргэд өргөдлөө Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс эсвэл МИАТ ТӨХК-д гаргах шаардлагагүй. Хэрэв нислэг үйлдэхээр болбол тухайн компанидаа энгийн үеийн горимоор тасалбараа худалдан авч болно" хэмээв.