Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Зөвхөн ор бэлдэхээс гадна хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр холбогдох хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Халдвар батлагдсан тохиолдол нэмэгдвэл амьсгалын аппарат дутагдах эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Амьсгалын аппаратны хүрэлцээ манай улсад ямар байгаа вэ?

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:-Монгол Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 633 ор байгаа. Эдгээрээс хүүхэд, төрөх, гэмтэл болон бусад чиглэлээр ажиллаж байгаа орнуудыг хасаад цаана нь 273 орыг насанд хүрэгчдэд ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. 

Мөн нэмж орнуудыг тоноглож эхэлсэн. Азийн хөгжлийн банк, Засгийн газраас олгосон санхүүжилтээр бид амьсгалын аппаратуудыг нэмж аваад эмнэлгүүдэд хуваарилж байгаа. Ингэхдээ хамгийн их ачаалал авч байгаа ХӨСҮТ-д эрчимт  эмчилгээний 10 орыг нэмэлтээр дэлгээд ажиллаж байна. 

Мөн хилийн боомтууд бүхий аймгууд эрсдэлтэй байгаа тул Баян-Өлгий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв зэрэг хилийн аймаг, сумдын эрчимт эмчилгээг чадавхжуулж буй. Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээнийх нь орыг нэмэлтээр тоноглоход анхаарч ажиллаж байгаа. 

Зөвхөн эрчимт эмчилгээний орноос гадна энэ өвчний үед хүчилтөрөгчийн хэрэгцээ маш их байгаа тул эмнэлгийн оруудыг ханаар нь хүчилтөрөгтэй холбох ажлуудыг хийж байна. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа. 

-Манай улсад иргэд 14 хоног тусгаарлагдахдаа өөрсдөө мөнгөө төлж байгаа. Бусад улс орнуудад ямар арга хэмжээ явуулж байна вэ?

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:-Гадаад улс орнууд ихэвчлэн олон улсын нислэгүүдийг хаасан. Гэсэн хэдий ч нислэг хүлээн авч байгаа улс орнуудын хувьд, ялангуяа халдвар голомтлон тархаж байгаа Европын бүс нутаг, Иран гэх мэт улсуудаас ирж байгаа иргэдийг улсаар нь ангилж байгаа. Ингээд шинж тэмдэгтэй байвал эмнэлэгт бүрэн тусгаарлаж, шинж тэмдэггүй өвчтөнүүдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Зарим улс орон зочид буудлуудыг бэлтгэсэн байна.

Энэ хугацаанд эмнэлгийн бус байранд тусгаарлахад шаардлагатай зардлыг иргэд өөрсдөө төлж байгаа. Зарим улс орны хувьд тухайн улсын иргэн юм уу оршин суугч байвал гэр орондоо тусгаарлагдаж, харин богино хугаацанд ирсэн, гаднын хүмүүс өөрийн зардлаар тусгаарлагдаж байна. 

-Карантины хугацааг 30 хоногоор хэрэгжүүлдэг улс орнууд байдаг юм байна. Манай улс гаднаас ирж байгаа иргэдээ 14-өөс дээш хоног тусгаарлавал яасан юм бэ. Тийм боломжтой юу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:-Хөл хорио, карантиныг халдварт өвчин гарсан үед тавьдаг. Халдварт өвчин болгон өөрийн онцлогтой, өвөрмөц, нууц үеийн хугацаатай байдаг. Энэ үеийн хугацаанаас шалтгаалан халдварт өвчин болгон дээр хөл хорио тогтоох дэглэмтэй. 

Коронавирусийн халдварын тухайд ДЭМБ-аас тогтоосон албан ёсны нууц үеийн хугацаа 1-14 хоног гэж үзэж байгаа тул эхний ээлжинд бид хүмүүсээ 14 хоног тусгаарлдаж байгаа. Үүнээс цааш хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдөж ажиллаж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.