Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Өнөөдрийг хүртэл нийт 3,222 хүнийг тусгаарлан ажиглалтад авжээ. Одоогийн байдлаар 2,033 иргэн тусгаарлалтад байгаа" талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар Орхон аймагт 44 сэжигтэй тохиолдол нэмэгдэж, нийт 86 хүн тусгаарлалтад байгаа. Харин бусад аймгууд болон сувиллын газруудад 24 цагийн дотор хүн нэмэгдээгүй байна.

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гудамж талбайд халдваргүйтгэл хэрхэн хийх талаар болон ажиглалтаас гарч буй иргэдийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах шийдвэрийг гаргасан.

Тэднийг тусгаарлан ажиглах хяналтыг орон нутгийн нэгжүүд буюу хороон дарга, сайн дурын идэвхтэн, хэсгийн ахлагч нарыг хамтран ажиллахаар болсон.

Мөн бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг дэмжих талаар Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бид эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байранд нь дадлага сургалтуудыг хийгээд явж байна.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад байгаа болон эмчлэгдэж буй өвчтөнүүдтэйгээ хамт 14 хоног тусгаарлагдан ажиллаж буй эмч, сувилагч ариутгал үйлчилгээний ажилтан гээд нийт 206 хүн байна" гэв.

Үргэлжлүүлэн "Бид эмнэлгийн тусламж үйлчилгээнд хувийн эмнэлэг болон сувиллын орыг дайчилж байгаа. Мөн цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргаж байна.

Эрчимт эмчилгээний эмч нарын тоог овог нэртэй нь гаргаж, шаардлага гарсан тохиолдолд сэлгүүлэн ажиллах тооцооллыг бүрэн хийсэн.

Түүнчлэн COVID-19 халдварт дайчилж болохгүй яаралтай тусламжийн буюу гэмтлийн, хүүхдийн, төмөр замын эрчимт эмчилгээний орууд, төрийн тусгай хамгаалалтын болон төрөх тасгийн орууд бий.

Тэдгээрийг эхний ээлжид дайчлахгүй ч шаардлага гарсан тохиолдолд тэнд ажиллаж буй эмч нарыг сэлгэх төлөвлөгөө боловсруулсан" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.