Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тахлаас зугтсан Хатан хаан Лондон хотоос гарч, ханхүү Уилльям ордныг тэргүүлэх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британид сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн тахал эрчимжсэн нь тус улсын язгууртны гэр бүлийн амьдралд нөлөөлж эхэлжээ.

Лондон хотод Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул 93 настай хатан хаан Элизабет өнгөрсөн долоо хоногт Букингэмийн ордноос явж, хотын гадна орших Уиндсорын шилтгээнд төвхнөсөн байна.

98 настай нөхөр, ханхүү Филип нь түүнтэй хамт нүүжээ. Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй эхний хүн, 71 настай ханхүү Чарльз одоо Шотландын Балморалд өөрийгөө олон нийтээс тусгаарлаад байна.

Тэрээр гуравдугаар сарын 10-ны өдөр Лондонд болсон арга хэмжээнд оролцохдоо Монакогийн ханхүү Альберттай уулзаж, ойр харилцаа үүсгэсэн юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт ханхүү Альбертаас коронавирусийн халдвар илэрч, Европын язгууртнуудаас анхны халдвар тээгч болсон байна.

62 настай ханхүү эмч нарын хяналтад, биеийн байдал нь хэвийн байгааг Пүрэв гарагт Монакогийн ордны захиргаа мэдээлсэн юм.

Британийн хатан хаан, түүний шууд залгамжлагч нар эзгүй байгаа тул одоо залуу ханхүү Уилльям ордны үйл ажиллагаануудад тэргүүлэн оролцож байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр гэргий Катериний хамт Лондон хотын Covid-19-ийн дуудлагын төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Британийн “The Sunday Times” сонины мэдээлснээр ойрын үед хатан хаан телевизээр ард түмэндээ хандаж, мэдэгдэл хийх гэнэ. Хатан хаан хамгийн сүүлд 2002 онд өөрийн ээжийг бас барахад ийм мэдэгдэл хийж байжээ.

Сүүлийн байдлаар Их Британид Covid-19 халдварын 5,071 тохиолдол бүртгэгдэж, 234 өвчтөн нас бараад байна.

Саяхан тус улсын ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ Британийн эрүүлийг хамгаалах систем Италийнх нь шиг хямралд ороход 2-3 долоо хоногийн хугацаа үлдээд байгааг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.