Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн тархалт эрчимжиж, сенатын гишүүдээс анхны хүн халдвар авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Сенатор Рэнд Пол

АНУ-ын конгрессийн дээд танхим болох Сенатын гишүүдээс анхны хүн шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн тухай Ням гарагт мэдээлжээ.

Халдвар авсан хууль тогтоогч нь Кентаки мужийг төлөөлдөг, Бүгд Найрамдах намын гишүүн, 57 настай Рэнд Пол болсон байна.

Сенатын гишүүдээс хэд хэдэн гишүүн өөрийгөө тусгаарлаад байгаа ч халдвартай нь тогтоогдсон хүн байгаагүй юм. Харин конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн Covid-19 халдвартай нь тогтоогдоод эмчлүүлж байгаа.

Энэ үйл явдалтай зэрэгцэн шинэ коронавирусийн тахал сүүлийн өдрүүдэд АНУ-д эрчимтэй нэмэгдэж байгааг албаныхан мэдээлээд байна.

Өчигдөр Охайо, Луйзиана, Делавар мужууд хөл хорионы дэглэм нэмж зарласнаар АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь гэртээ бүгэх горимд шилжжээ.

Өмнө нь Нью Йорк, Калифорни, Иллиноис, Коннектикут, Нью Жерси мужууд ийм арга хэмжээ аваад байсан юм. Хөл хорионы дэглэм АНУ-ын нийт 101 сая орчим иргэнийг хамраад байна.

Сүүлийн байдлаар АНУ-д шинэ коронавирусийн халдварын 32,057 тохиолдол бүртгэгдэж, 400 өвчтөн нас баржээ. Илэрсэн нийт халдварын тоогоор АНУ нь дэлхийд зөвхөн Хятад (81,054), Итали (59,138) улсуудын дараа гуравт жагсаж байна.

Харин эндэгдлийн тоогоор Итали (5,476), Хятад (3,261), Испани (1,756), Иран (1,685), Францын (674) дараа зургаадугаарт бичигджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Нью Йорк, Калифорни, Вашингтон мужуудын тахалтай тэмцэх үйлсэд туслуулахаар үндэсний гвардын цэргийг дайчлах болсныг зарласан юм.

Тахалд хамгийн хүнд нэрвэгдээд байгаа бус нутгуудын нэг Нью Йорк хотын захирагч Билл Де Бласио “Энэ бол 1930-аад оны Их Хямралаас хойш АНУ-д тохиолдож байгаа хамгийн том хямрал болох шинжтэй байна. Тийм учраас бид Америкийн зэвсэгт хүчнийг бүрэн дайчлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.