Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 22
iKon.MN

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/142867250444479/

Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Коронавирусийн халдварын тархалтын байдал улам ноцтой болж байна. Засгийн газраас УОК-ийн оруулсан саналыг дэмжлээ.

Үүнд,

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгах шийдвэр гаргасан.
  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан.
  • Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгасан.

Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч буй тул нэг хэсэгтээ гадаадын ажиллах хүчийг авахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.

  • Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.
  • Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна. Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн (гуравдугаар сарын 28-н) 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 5-н хүртэл буюу 14 хоногийн хугацаанд улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийхээр боллоо" гэв. 

"Цаашид гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авна.

Улс хоорондын ачаа тээвэр, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалтын горимоор хорио цээрийн дэглэм сахиж улсын хилээр шалган нэвтрүүлнэ. Монгол Улсын иргэд, жолооч нар хилийн боомтоор нэвтрэхдээ тогтоосон цагт нэвтрэх горимыг сахиж хил хамгаалалтын албан хаагчдын шаардлагыг биелүүлж ажиллахыг анхааруулж хэлье. Зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ тооцохыг анхааруулъя" хэмээн Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн хэллээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргалаа.

Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.

Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг.

Өнөө өглөө ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тодорхой хэмжээний маск нийлүүлэх бололцоо үүссэн гэх мэдээллийг Монгол Улсын Шадар сайдад дамжуулсан.

Түүнээс гадна өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан, халдвар авсан, өвчтэй хүмүүстэй ажиллаж буй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид олон улсын стандартад нийцсэн хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэж байгаа" гэв.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.