Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Одоогийн байдлаар Монголын цагдаагийн байгууллага 3,100 гаруй хүний орон тоо дутуу ажиллаж байгаа

ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хүүхдүүд сургуульдаа явахгүй гэрээсээ хичээллэж, компаниуд ажилчдаа аль болох гэрээс нь ажиллуулах хувилбарыг баримталж байна.

Харин энэ үед гэртээ очих цаг нь улам ихээр багасч, завгүй ажиллаж байгаа хүмүүс бол эмч нараас гадна цагдаагийн албан хаагчид билээ.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бид энэ жил Цагаан сар тэмдэглэлгүй гэртээ амарсан. Харин энэ үед тус шийдвэрийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот болон аймаг сумдын шалган нэвтрүүлэх хяналтын мянга гаруй хяналтын цэгт давхардсан тоогоор 2,762 цагдаагийн алба  хаагч онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэн ажилласан билээ.

Монгол Улс бусад оронтой харьцуулахад харьцангуй тайван улсад тооцогддог.

2019 оны Global Peace Index тайланд энх тайван байдлаар Дэхийд Монгол улс 42-т, харин Ази номхон далайн орнуудаас 8-т бичигдсэн. Дотоодын үймээн самуун гардаггүй, терроризм зэрэг аюулд харьцангуй бага өртдөг нь энэ үзүүлэлтэнд нөлөөлж байна.

Харин энэ нь гэмт хэрэг гардаггүй гэсэн үг үү гэвэл үгүй.

Гэллап компанийн Global Law and Order Index-ээр тухайн орны иргэд гэмт хэргийн хохирогч болохгүй гэдэгтээ, мөн цагдаагийн байгууллагадаа хэр итгэлтэй байдгийг үнэлж, харьцуулсан судалгаа танилцуулдаг. Тус судалгаагаар Сингапур, Тажикистан улсын иргэд дотооддоо хамгийн аюулгүй амьдардаг гэж үнэлсэн бол Венесуэл, Афганистан хамгийн аюултай орчинд амьдардаг гэжээ. Тус судалгаа нийт 140 орныг хамарсаны 98-т Монгол улс, Чили, Нигер улсуудтай ойролцоо оноотой жагссан байна.

График 1, Global Law and Order Index, 2019 (Хулганаа график дээгүүр чирж мэдээлэл авна уу)

Эх сурвалж: Global Law and Order Index, Gallup, Inc

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна.

Харин 2018 он хүртэл гэмт хэргийн гаралт тасралтгүй өсч иржээ. Гэхдээ статистикийг олон талаас нь харж ойлгох шаардлагатайг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир зөвлөж байлаа.

Тэрбээр “Гэмт хэргийн гаралтаас гадна гэмт хэргийн илрүүлэлт гэдэг ойлголт бий. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хувьд гэмт хэргийн илрүүлэлт байнга нэмэгдэж байгаа. Үүнд манай иргэдэд мэдээлэл өгөх, тэдэнтэй хамтран ажиллах үйл ажиллагааны үр дүн нөлөөлж байна гэж үзэж байна” гэж дүгнэв. Гэмт хэргийн илрүүлэлт 2-р сард өнгөрсөн оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 6.9, нэгжээр өсчээ. Үүний үр дүнд эд материалын хохирлын 2.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

График 2, Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт, төрлөөр2

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Цагдаагийн ерөнхий газар

Гэмт хэрэг гэдэг олон хүчин зүйлээс хамааралтай. Нийгмийн боловсролын түвшин, эдийн засгийн нөхцөл, технологийн нэвтрэлт гээд маш олон хүчин зүйл гэмт хэргийн гаралтанд нөлөөлж байдаг.

Харин “Ажилгүйдэл, ядуурал газар авч, архидалт ихэссэн энэ хэцүү цаг үед цагдаагийн алба хаагчдын хангамж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдэх зэрэгт эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй” гэдгийг “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Алтанбаатар захирал тодотгож байлаа.

2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталсан цалингийн сүлжээний дагуу цагдаагийн албан хаагчид 430 мянгаас 1.2 сая төгрөг авдаг болжээ.

Гэвч ажлын ачаалал батлагдсан нормоосоо хамаагүй илүү байгаа аж.

Энэ тухай Н.Алтанбаатар “2015 оны эхээр ХЭҮК-оос УИХ-д хүргүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлд Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах тухай маш тодорхой заасан байгаа.

Бүр тодруулбал, 4,000 хүн амтай хороонд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг нормативыг долоон жилийн өмнө 153 дугаар тогтоолоор баталж өгсөн байдаг. Гэвч өдгөө нийслэлийн аль ч дүүрэг, хороонд нэг хэсгийн байцаагчид 8,000-12,000 хүн ногдож байна.  Одоогийн байдлаар Монголын цагдаагийн байгууллага 3,100 гаруй хүний орон тоо дутуу ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

Хэдий манай улсын цагдаа нар өндөр хөгжилтэй улс орных шиг цалин хөлс өндөр, хангамж сайтай биш ч гэлээ монголын цагдаагийн байгууллага хүнд хэцүү, аюултай, гамшиг тохиосон цаг бүхэнд эх орон, ард иргэдийнхээ төлөө хүчин зүтгэсээр 99 жилийг ардаа үджээ.

Эдийн засаг, техник, нийгмийн хөгжлөө дагаад гэмт хэргийн шинж чанарт хувьсч байдаг. Жишээ нь компьютер, интернэт зэрэг ойлголт хөгжсөнтэй холбоотойгоор дэлхий дахинд цагдаагийн байгууллагын ажил дээр цахим гэмт хэргийг илрүүлэх, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг нэмэгдсэн.

Харин сүүлийн жилүүдэд байгаль, экологийн асуудал дэлхий нийтэд хурцаар тавигдах болсноор Монгол улс ч энэ чиг хандлагаа дагаж “Экологийн цагдаагийн алба”-ыг 2020 онд байгуулсан байна.

“Иргэд цагдаагийн байгууллагатай ойр хамтран ажилладаг байх нь чухал” гэдгийг харин дэд хурандаа Б.Чулаантамир зөвлөж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэх ажиллагаатай холбоотойгоор иргэдийг тусгаарлах, ажиглалтад авахад 24 цагийн хамгаалалтын үүргийг цагдаагийн алба хаагчид гүйцэтгэж байгаа.

Харин иргэд УОК-ийн шийдвэрийг даган мөрдөж, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ санаачилга гаргаж амны хаалт, ариутгалын бодис хандивлах, халуун хоол, цайгаар үйлчлэх зэргээр сэтгэлийн дэм үзүүлж байгаад баярлаж буйгаа тэрээр илэрхийлж байлаа.

 


Энэхүү эхийг Lead Mongolia - 2019 оны Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багтай хамтран бэлтгэв. Та энэхүү нийтлэл таалагдсан бол #БидэндҮйлчилсэндБаярлалаа #ThankYou4YourService #LeadMongolia хаштагтайгаар хуваалцана уу.

---

1Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу гэмт хэргийг ангилалаар нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилдаг байсан бол 2017 оны 5 сарын 11-ний өдөр батлагдсан шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн ангиллыг ХӨНГӨН, ХҮНД гэсэн 2 ангилалтай байхаар өөрчилсөн байна.