Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын улмаас Marriott зочид буудлын сүлжээ захирлуудынхаа цалинг хасав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том зочид буудлын брэнд Marriott International компанийн хувь эзэмшигчид өчигдөр хуралдаад зардал хэмнэх шийдвэр гаргажээ.

Шийдвэрийн хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирал Арне Соренсон болон ерөнхийлөгч Билл Марриотт нарын 2020 оны үлдсэн хугацааны цалинг бүрэн хасахаар болсон байна.

Бас тус компанийн бусад бүх удирдах албан тушаалтнуудын цалинг он дуустал 50 хувиар хасах шийдвэр гаргажээ.

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар уналтад орсон нь үүнд нөлөөлсөн байна. Шийдвэрийг танилцуулсан видео мэдэгдэлдээ гүйцэтгэх захирал Соренсон “дэлхийн ихэнх улс орон дахь салбарууд хэвийн түвшнээсээ 75 хувь доогуур ажиллаж байна” гэж хэлжээ.

Ойрын үед Marriott International олон арван мянган ажлын байраа цомхотгож болзошгүйг саяхан Wall Street сэтгүүлд мэдээлсэн юм.

Тус зочид буудлын сүлжээ дэлхий даяар 130,000 орчим ажилтантай ажээ.

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тэргүүлэх бизнесмэнүүд Цагаан ордонд цугларч, засгийн газраасаа $150 тэрбумын тусламж хүссэн юм.

“Манай салбар бидний хэзээ ч үзэж байгаагүй хүнд цохилт амсаад байна. 2008 оны эдийн засгийн хямрал, есдүгээр сарын 11-ний террорист халдлага хоёрын нөлөөг нийлүүлснээс ч илүү хүнд тусаж байна” гэж Америкийн Зочид Буудлуудын Холбооны ерөнхийлөгч Чип Рожерс саяхан мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.