Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Намууд улс төрийн шийдвэр гаргаж, зээлийн хүүг наймаас дээш гаргахгүй байх бодлого боловсруулах хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хурлаар шинэ коронавирусийн тархалтын нөлөөгөөр үүсэж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай саналаа танилцуулахын зэрэгцээ улс төрийн намуудад бодлогын баримт бичиг хүргүүлэх гэж байгаа талаараа мэдээлэв.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төр, хувийн хэвшлийн олон байгууллага сул зогсолт, үйл ажиллагаа нь хүндэрч байна. Ялангуяа хувийн хэвшлийн үйл ажиллагаа нь ихээхэн хүндэрч буй бөгөөд нэгдүгээр сараас хойш зогсонги байдалд орсон. 

Тиймээс ажлаас нь шууд чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тохиолдол гарч байгаа тул аж ахуйн нэгжүүдэд хандан ажилчдынхаа тоог цөөлөхгүй байж, цалинг бүтнээр нь олгохыг уриалж байна. Мөн Засгийн газарт төсвөө эргэн харж, зардлаа танаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг хүсэж байгаа юм. 

Түүнчлэн Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд эдийн засгийн хүндрэлийг даван туулах нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, дагаж мөрдөх хэрэгтэй. Хорио тавингуут бүх зүйл сайхан болчихгүй" гэлээ. 

Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос байгууллага бүрт ажилчдын аюулгүй байдлыг хангах дүрэм гаргаж, хяналт тавих тусгай комисс байгуулан ажиллаж, дэг журмыг сахиулах саналыг дэвшүүлж байгаа юм. 

Улс төрийн намуудад таван зүйл бүхий бодлогын баримт бичиг хүргүүлнэ

Сонгууль болох жил бүр МҮЭХ-ноос улс төрийн намуудад иргэдийн санал хүсэлтэд үндэслэсэн бодлогын баримт бичгийг хүргүүлдэг. Энэ жилийн хувьд таван зүйл бүхий бодлогын баримт бичгийг гаргасан байна.

Эн тэргүүнд сонгуулийн дараагаар олон тооны төрийн албан хаагч ажлаасаа халагддаг байдлыг зогсоож, төрийн бодлого, засаглалыг тогтвортой байлгаж, сайжруулах шаардлагатай байгааг уг баримт бичгээр онцолсон аж. 

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Дотоодын нийт бүтээгдэхүүнд цалин хөлсний эзлэх хувь хэмжээг 40 хувьд хүргэх шаардлага байна. Иргэдээс мөн банкны зээлийн хүүн дээр санал их ирсэн. Намууд зээлийн хүүгийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэхдээ хүүг наймаас дээш гаргахгүй байхаар бодлого боловсруулж, шийдвэр гаргах ёстой.

Ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох санал гаргаж байна. Энэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.