Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Италийн Бергамо хотод цогцос чандарладаг байгууллагууд ачааллаа дийлэхгүй, бусад хотоос туслалцаа хүсэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдвар гарсан улс орнууд болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр “ДЭМБ-ын өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор COVID-19 халдварын тоо:

  • Европын бүсэд 10,221-ээр нэмэгдсэн,
  • Номхон далайн баруун бүсэд 488 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингээд дэлхийн хэмжээнд нийт халдварын тохиолдлын тоо 209,839 болжээ.

Испани, Герман, Франц, Швейцар зэрэг улсуудад халдварын шинэ тохиолдол нэг өдрийн дотор мянга мянгаар нэмэгдсэн хэвээр байна.

  • Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор нас баралт 427 тохиолдлоор нэмэгдэж, нийт 3,405-д хүрсэн нь БНХАУ-д бүртгэгдсэн нас баралтын тооноос давжээ.

Харин шинээр бүртгэгдсэн халдварын тоо 41,035-д хүрсэн нь өмнөх өдрүүдээс 14.9 хувиар нэмэгдсэн гэж тус улсын Иргэнийг хамгаалах газраас мэдээллээ.

Тус улсын Ломбарди мужийн Бергамо хотод морг болон цогцос чандарлах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, бусад хотуудаас туслалцаа хүсэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Түүнчлэн өчигдрөөс Африк тивийн олон орон хилээ хааж эхэлсэн байна.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирлын мэдээлснээр: Тус тивд 10 хоногийн өмнө таван улсад халдвар бүртгэгдсэн байсан бол одоогоор тухайн тивийн 54 улсын 34-д нь халдвар гараад байна.

Дээрх улсуудад бүртгэгдсэн халдварын тоо 650-д хүрч, нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаад тэр маш их санаа зовниж буйгаа хэлсэн.

Африк тив COVID-19 халдварын эсрэг түргэн шаардлагатай арга хэмжээ авахгүй бол энэ тивийн 1.3 тэрбум хүний дунд цар тахал газар авах эрсдэл маш өндөр байна.

  • Аргентин болон Израйль улсад онц байдал зарлаж бүх хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргасан.

Тухайлбал, Израйль улс ард иргэдийг гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоосон бөгөөд иргэдийг зөвхөн эм, хүнс авах зорилгоор гадагш гарч болно гэжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд "Энэ бол хүсэлт биш, зөвлөмж биш бөгөөд заавал дагаж биелүүлэх ёстой үүрэг" хэмээн хатуу анхааруулжээ.

  • АНУ-д шинэ халдварын тохиолдол сүүлийн хоногт 5,000 гаруйгаар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Калифорни мужид иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглосон.

НҮБ-ын БСШУ-ны байгууллагын мэдээллээр өчигдрийн байдлаар дэлхийн нийт 109 улсад бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаажээ" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.