Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр ЖУРАМ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Коронавируст халдварын голомттой, дэгдэлт гарсан улс орноос ирсэн иргэнийг тусгаарлаж ажиглалтад авахтай холбогдуулан Улсын онцгой комиссоос “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-ыг баталж гаргасан билээ.

Энэхүү журмыг ДЭМБ-ын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн коронавируст халдвар (COVID-19)-ийн тохиолдлын тодорхойлолтод үндэслэн боловсруулжээ.

Халдварын голомтын тодорхойлолт: 

  • Коронавируст халдвар (COVID-19)-ын онош батлагдсан хүнтэй эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс дөрөв хоногийн өмнө мөн илэрснээс хойш нэг  метрээс дотогш зайнд харьцсан хүнийг ойрын хавьтал гэнэ.
  • Сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар бүртгэгдсэн улс оронд зорчсон эсвэл онош батлагдсан хүнтэй ойрын хавьтал болсон, халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, суулгах, хамар битүүрэх, зэрэг шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэнэ.
  • Тусгаарлан ажиглах гэдэг нь коронавирст халдвар бүртгэгдсэн улсаас ирсэн, эмнэлзүйн шинж тэмдэггүй хүнийг эмчийн хяналтад байлгахыг хэлнэ.

Тусгаарлан ажиглах байранд тавигдахын шаардлагаас:

  • Тусгаарлан ажиглах байранд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлэгч 24 цагаар ажиллана.
  • Тусгаарлан ажиглах байр нь цагдаагийн байгууллагын хамгаалалтад  байна.
  • Хориглосон эд зүйлсийг тусад нь хадгална.
  • Тусгаарлан ажиглах байранд гадны хүн оруулахыг хориглоно.
  • Тусгаарлан ажиглалтад байх хугацаанд тухайн иргэний хэрэглэсэн эд зүйлсийг гадагш гаргахыг хориглоно.
  • Иргэдийг аяллын чиглэл, хүйсээр ангилж ор хоорондын зайг нэг метрээс багагүй байхаар тооцож, байрлуулах ба гэр бүлийн гишүүдийг нэг өрөөнд байрлуулна.
  • Тусгаарлан ажиглах байранд иргэн хурц үзүүртэй мэс, архи, согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, халуун бууруулах, өвчин намдаах эм, бодис, түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн авч орохыг хориглоно.
  • Сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн иргэнийг тусгаарлах өрөөнд оруулж, холбогдох эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэнэ.

Тусгаарлан ажиглах байрны удирдлагын үүргээс:

  • Хувь хүний нууц, эрүүл мэндийн байдлын талаар мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өөр бусдад мэдээлэхийг хориглоно.

Тусгаарлан ажиглалтад байгаа иргэний үүргээс:               

  • Өөрийн аяллын түүх, эрүүл мэндийн байдлаа үнэн зөв мэдээлнэ.
  • Эрүүл мэндийн болон харуул хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлнэ.
  • Эм, эмнэлгийн мэргэжилтэн, тусгаарлах байрны ажилтан, албан хаагчдыг доромжлох, заналхийлэх, биед нь халдах аливаа үйлдэл гаргахыг хориглоно.
  • Өрөө хооронд сэлгүүцэх, бусдыг өдөөн турхирах, архи, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно.

Хариуцлагын тухайд:

  • Энэхүү журмыг зөрчсөн иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд “Зөрчлийн тухай”, “Эрүүгийн тухай” хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Энэхүү журмын дэлгэрэнгүйтэй танилцана уу.

 
 
 
 
 

Эх сурвалж: ОБЕГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.