Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүнтэй 23 ачааны автомашин өнөөдөр ирнэ. Монгол жолооч нарыг тусгаарлаж, 15 гадаад жолоочийг буцаана"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өмнө нь тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсээс тусгаарлагдаагүй хүн гарсан гэх  мэдээлэл цахим орчинд тарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагууд үүргийнхээ хүрээнд ажлаа явуулж байгаа. Хүн тусгаарлагдахгүй үлдэх ямар ч боломж байхгүй бөгөөд тусгаарлагдаагүй үлдсэн хүн байхгүй. Бүх нислэгүүд ирэхэд бүх үйл ажиллагаа нь хяналтад байдаг. Тэр тараад буй мэдээлэл ор үндэсгүй зүйл гэдгийг ойлгоорой.

Туркээс ирсэн зорчигчидтой мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч хамт явж зорчигчдын эрүүл мэндэд хяналт, шалгалт хийж авч ирсэн. Энэ хүмүүс бүгд эмч.  

Өчигдөр ОХУ-аас хүнсний болон тоног төхөөрөмж бүхий ачаа тээврий 23 ачааны автомашин цуваанд ороод тодорхой дүрэм, журмын дагуу өнөөдөр Улаанбаатар руу ирж байна.

Нийт гадаад жолооч 15 байгаа ба Беларусийн 12, Казахстаны нэг, ОХУ-ын хоёр жолооч байна. Харин монголын найман жолооч бий. Монгол Улсын найман жолооч ирээд тусгаарлагдана. 15 гадаадын жолооч машинаасаа гарахгүйгээр буцаад хил давна. Алтанбулаг боомтоос наашаа явахад урд хойноо хамгаалалттай явна. Мөн Техник, импорт гаалийн хяналтын талбай дээр хилийн гаалийнхан ажиллаж орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ариутгал хийнэ. 

Үүнтэй холбоотойгоор нэг зүйл хэлэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хангахын тулд энэ ажиллагааг зохион байгуулж байна" гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.