Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүдээ дагуулаад гадуур их явж байна. Дэлхий нийтэд COVID-19-ийн тархалт зогсоогүй байгаа шүү"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн билээ. 

Мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр тусгаарлах байранд буй иргэд болон ард түмэнд хандан хэд хэдэн зүйлийг анхааруулж хэллээ. 

Тэрбээр" Би хэдэн хэдэн зүйлсийг шударгаар хатуу анхааруулж хэлмээр байна. 

  1. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 21 цэгт 1,734 хүн тусгаарлагдчихсан байна. Зөвхөн Улаанбаатарт тусгаарлах ажиллагааг зохион байгуулаагүй. Монгол Улсын иргэд агаарын зам болон автозамаар нэвтэрч байгаа. Ерөнхийдөө Алтанбулаг, Цагааннуур хилийн хоёр боомтоор орж ирээч гэдгийг хэлье. Хэлсэн зүйлийг хэвлэл мэдээллээр дамжуулж байгаа бөгөөд иргэдийн дунд буруу мэдээлэл тараах явдал их байна. Цаашдаа УОК болон шуурхай штабаас барьж буй бодлогын дагуу арга хэмжээ авна. Хэлсэн зүйлийг зарчмын дагуу хоёр талаас дагаж мөрдөх ёстой.
     
  2.  Агаарын тээврээр ирсэн зорчигчдын ачааг бид каргод байрлуулж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу байрлуулж байхад карго дотор байгаа бараан дотроосоо юм авна гэсэн асуудал яригдаж байна. Нэгэнт халдвар, хамгааллын дэглэм сахиж байгаа бол бүгд сахина. Авч буй энэ арга хэмжээг хэн ч байсан дагаж мөрдөнө.

    Аливаа ажлыг зохион байгуулж байхад элдэв янзын асуудал үүсгээд ах дүү хамаатан садан, таньж мэддэг хүмүүсээрээ доороос яриулдгаа болиорой. Шуурхай штабаас хатуу хэлж байна. Тусгаарлах байртай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 225 дуудлага ирсэн. Ингэхдээ хоол хүнс гаднаас эд материал оруулахтай холбоотой асуудал байгаа. Хүндрэл бэрхшээлийг мэдээж ойлгож байна.

    Бүх шатанд ажиллаж байгаа ба үндсэндээ дунд түвшин буюу Шуурхай штабын зүгээс удирдлагыг гартаа төвлөрүүлээд авчихлаа. Одоо тулгамдаж буй асуудал нь доод түвшний удирдлагын асуудал байна. Үүнийг нуухгүй гартаа оруулах гээд ажиллаж байна.
    Тиймээс өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд зочид буудал, тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулна. Заасан зүйлсийн дагуу эргэлт оруулна. Дундын зайгаа бариад уутных нь дээр нэрийг нь бичээд оруулж болно. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмээ хатуу барина. Мөн дотор байгаа хүмүүсээс их хэл ам гарч байгаа.

    Өнөөдөр 15:00 цагаас эхлээд би өөрийн биеэр бүх цэгүүдээр тойрч явна. Өчигдөр надад нэг зураг ирсэн чинь зарим хүмүүс тагтан дээрээ шүлсээ үсчүүлээд зогсож байна лээ.
     
  3. Тусгаарлах байранд байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг зөрчөөд байвал хатуу хариуцлагатай шүү. Зочид буудалд буулгасан юм биш тусгаарлах байранд байгаа тул зочид буудлын үйлчилгээ нэхэхгүй ээ. Өөрийн чинь болон бусдын амь насыг хамгаалах гэж байгааг сайн ойлгоорой.
     
  4. Шуурхай штабаас хоолны меню гаргаад сувиллын газар, тусгаарлах байранд хүргүүлсэн. Зарим хоол нь хоёр, гурван халбага бантан байгаа бол үнэнийг нь тогтоогоод жигдрүүлнэ. Хүнд суртал гаргахгүй байх тал дээр доод түвшний удирдлагад буй төрийн байгууллагууддаа өчигдөр хатуу анхааруулан ажиллаж байна.
     
  5.  Гадуур хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоосон байгаа. Гэтэл өчигдрөөс хөдөлгөөн ихэссэн байна. Хүүхдүүдээ дагуулаад гадуур их явж байна. Энэ өвчний тархалт зогсоогүй байгаа шүү. Энэ мэргэжлийн байгууллагаас өгч байгаа олон нийтийн дунд барих зайг нь хүртэл заагаад өгсөн. Өөрөө явдаг юм аа гэхэд хүүхдээ гэрт нь орхи. Хүүхэд ямар ч буруугүй. Хувь хүн өөрийнхөө амь насыг хамгаалахгүй бол төр хийх ажлаа хийж байна. Та бүхэн дагах зөвлөмжөө дага.
     
  6. Агаарын хөлгөөр ирсэн зорчигчдын паспортыг нэгдсэн журмаар хураагаад авчихсан хадгалж байгаа. Хөлөг дотор масктай учраас шууд царайг нь хараад штамб дарах боломжгүй байгаа. Бид тусгаарлах байрныхаа төлбөрийг төлсөн хүмүүст паспортыг нь буцааж өгнө. Төл гэж шийдвэр гарсан бол тэрийг дага. Гарсан шийдвэрийг бүгд дагана.

    Өчигдрөөс агаарын хөлгийн зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжирч байгаа ба бид өдрөөс өдөрт суралцаж байна. Энэ бүх хугацаанд маш олон зүйлийг сурч авч байна. Ард түмэн минь сахилга баттай, хариуцлагатай ухамсартай бай. Бүгд нэгдэж байж энэ бүгдийг давж гарна. Элдэв буруу мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тавихгүй байхыг хүсэж байна" хэмээн хэллээ. 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.