Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: СOVID-19 халдварын улмаас дэлхийн хэмжээнд 849 сая хүүхэд сургуулиас завсардаад байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдвар гарсан улс орнууд болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр “ДЭМБ-ын өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор Европын бүс нутагт халдварын шинэ тохиолдол 10,911-ээр нэмэгдсэн бол Номхон далайн баруун бүсэд шинээр 312 хүн халдвар авч, дэлхийн хэмжээнд COVID-19-ийн тохиолдол 191,127 бүртгэгдээд байна. 

Австралийн холбооны улсын Засгийн газраас олон улсын бүх чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, аялал, зорчих хөдөлгөөнтэй холбоотой эрсдлийн зэргийг дөрөв болгож ахиулсан. Тус улсад анх удаа олон улсын хөдөлгөөнийг ийм ноцтой түвшинд хүргэж хориглосон шийдвэр гаргаж байгаа нь энэ юм.

Үүнтэй холбоотойгоор Австрали улсын үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд олон улсын бүх нислэг болон дотоодын нислэгийнхээ 60 хувийг цуцалж байгаагаа мэдэгджээ.

Ингэхдээ гуравдугаар сарын сүүлээр нислэгүүдээ цуцалж эхлэх бөгөөд тавдугаар сарыг дуустал олон улсын бүх нислэгийг үйлдэхгүй гэсэн байна.

Мөн Канадын “Аir Canada” агаарын тээвэрлэгч компани олон улсын болон АНУ-ын чиглэлд хийх нислэгийн тоогоо аажмаар цуцалж, гуравдугаар сарын 31-нээс хойш маш цөөн тооны нислэг үйлдэнэ гэдгээ мэдэгдээд буй.

ХБНГУ-ын хувьд Засгийн газраас нь иргэддээ хандаж мэдэгдэл хийхдээ:

"Дэлхийн II дайнаас хойш манай улсад тулгарч байгаагүй хамгийн хүнд бэршээл, сорилт бидэнд тулгараад байна. Вирус дэлхий даяар тархаж, энхийн цагт улс орнууд хилээ хаахад хүрлээ.

Энэ аюулт өвчний тархалтыг хумихад хүн нэг бүрийн оролцоо маш чухал" гээд халдварын үед мөрдүүлж буй хорио цээрийн дэглэмийг сайтар дагахыг иргэдээсээ хүсжээ. 

Герман улс хилээ үндсэндээ хаасан бөгөөд Итали, Австри, Испани, Франц, Швейцар зэрэг улсаас хүлээж авах агаарын тээврийн нислэгүүдээ бүгдийг нь зогсоосон.

Европ тивийн хувьд Португали улс онц байдал зарлан, хорио цээрийн дэглэм тогтоосон.

Итали улсад халдварын голомт хумигдаагүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор шинэ халдварын тохиолдлын тоо 4,207-оор, нас баралт 400 гаруйгаар нэмэгджээ. Мөн Испани, Герман, Франц зэрэг улсад шинэ тохиолдлын тоо өдөрт мянга, мянгаараа нэмэгдсээр байна.

Харин АНУ-ын 50 муж улсад халдвар бүртгэгдсэн. Тус улсын нутагт дэвсгэрт оношлогдож, бүртгэгдсэн тохиолдлын тоо 8,400 гаруй болсон бөгөөд улсын хэмжээнд онц байдал зарласан учир олон муж улс, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Хамгийн сүүлд Колорадо муж бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хаах болжээ" гэв.

Үргэлжлүүлэн "Дэлхийн маш олон улс COVID-19 халдварын улмаас сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хааж байгаа. Үүнтэй холбоотойгоор ЮНЕСКО-оос дэлхийн хэмжээнд нийт 849 сая хүүхэд сургууль завсардаад байгааг мэдээлсэн.

Маргаашаас буюу Баасан гарагаас Их Британи улс ч мөн тодорхойгүй хугацаагаар сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хаана гэдгээ Ерөнхий сайд нь зарласан. Энэ шийдвэрт нь дахиад нийт найман сая гаруй сурагч хамрагдаж байгаа юм.

Ирландад мөн ялгаагүй ирэх Даваа гарагаас бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах бөгөөд сурагчдын зуны амралт эхлэх хугацаа хүртэл нэг мөсөн хааж болзошгүй гэсэн мэдээллийг өгөөд байна" хэмээн нэмж хэлсэн юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.