Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японд үйлдвэрлэсэн ханиадны эм коронавирусийн өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй байгааг Хятадын тал мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Японы Fujifilm компанийн охин компанийн үйлдвэрлэсэн favipiravir хэмээх ханиадны эм коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхэд сайн үр дүнтэй байгааг Хятадын шинжлэх ухаан, технологийн яамны төлөөлөгч Жан Шинмин мэдэгджээ.

Хятад улс уг эмийг Ухань, Шэнжэнь хотуудад нийт 340 өвчтөн дээр туршсан юм байна.

“Энэ эм сөрөг нөлөө маш багатай, эмчилгээний үр дүн сайтай байгаа нь туршилтаас харагдлаа” гэж Жан Шинмин өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Шэнжэний эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнүүд энэ эмийг ууснаар дунджаар дөрөв хоногийн дараа бүрэн эдгэрч байсан гэнэ. Харьцуулбал уг эмийг хэрэглээгүй өвчтөнүүд дунджаар 11 хоногийн дараа эдгэрч байжээ.

Үүнээс гадна favipiravir эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн 91 хувийнх нь уушгины нөхцөл байдал эмчилгээний дараа сайжирсныг компьютер томографийн зураг харуулсан байна. Харьцуулбал дээрх эмийг хэрэглээгүй өвчтөнүүдийн 62 хувийн уушги сайжирсан байжээ.

Бас Avigan гэж нэрлэгддэг уг эмийг Fujifilm Toyama Chemical компани 2014 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа юм байна.

Жан Шинминий мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны үнэ 14.7 хувиар өсөж, 5,207 иений үнэ хүрсэн гэнэ.

Япон улсад эмч нар мөн энэ эмийг коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд хэрэглэн туршиж байгаа юм байна. Гэхдээ тус улсын эрүүл мэндийн яам хүнд өвчилсөн хүмүүсийг уг эмээр эмчлэхэд үр дүн муутай байгааг мэдэгдэж байжээ.

2016 онд Африкийн Гвиней улсад Эбола вирусийн тахал дэгдэхэд Японы засгийн газар favipiravir эмийг яаралтай тусламжаар илгээж байжээ.

Гэхдээ энэ эмний үндсэн зориулалт нь ханиадыг эмчлэх учир Covid-19 вирусийг эмчлэхэд өргөн хүрээнд хэрэглэхийн тулд засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.