Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Гэрэлт-Од: Түргэвчилсэн оношлуур нэмж авах асуудлыг судалж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од нар COVID-19 халдварыг илрүүлэх оношлуурын асуудлаар мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/516986559192405/

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Иргэн Амарсанаа эрүүл мэндийн байгууллагууд COVID-19 халдварын оношлуурыг өндөр үнээр худалдаж авч байгаа талаар мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч байна. Юуны өмнө нэг зүйлийг тодотгон хэлмээр байна. Бид тангараг өргөсөн эмч нар. Хэн нэгний өвчин зовлон дээр дөрөөлж нэр хүнд, ашиг орлого олох сонирхол бидэнд байхгүй. Эрүүл мэндийн салбарын 52,400 албан хаагч өдөр шөнөгүй монгол хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Энэ их ажлын хажуугаар аливаа нэг гүтгэлэг, доромжлол хийхгүй байхыг хүсье.

Бид ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу, олон улсын хэмжээнд туршиж байгаа, судалгаагаар нотлогдсон оношлуурыг авч хэрэглэж байгаа" гэв.

"Оношлуурын нэг бүрийг бараг 1 ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр авсан"

Үргэлжлүүлэн Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од "Та бүхэн мэдэж байгаа байх манай улс хамгийн түрүүнд оношлууртай болсон. Япон улсаас хамгийн эхлээд 200 оношлуур авч ашиглаж байгаад дараа нь 1,000 ширхгээр нэг удаа, 2,000 ширхгээр нэг удаа оношлуур аваад ашиглаж байна. Нэмэлтээр оношлуур шаардлагатай учраас Япон улс дахь ЭСЯ-аар дамжуулан оношлуур нэмж авахаар ажиллаж байгаа. Төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаагаар авч байгаа оношлуурын нэг бүр нь бараг 1 ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа.

Түргэвчилсэн оношлуур нэмж авах асуудлыг бид судалж байна. Одоогоор БНХАУ, АНУ, Япон зэрэг орнууд хөгжүүлэлтүүдээ хийгээд явж байгаа. Оношлуурын үнэ үйлдвэрлэгч орноосоо хамаараад янз бүрийн үнэтэй байна. Тухайлбал, 11,000-40,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай онолшлуурыг боломжийн үнээр авах бодлого баримтлан ажиллаж байгаа" хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.