Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлагдсан иргэдэд өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэхийг хориглож байгаа"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Түргэвчилсэн оношлуураар илрүүлсэн зургаа дахь тохиолдол аль нислэгээр ирсэн бэ?

Д.Нямхүү: Сүүлийн тохиолдол Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Бид эрэмбэлэн ангилаад ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон бусад газарт байрлуулж байгаа.

Түргэвчилсэн оношлуур чухал үр дүнтэй байгаа нь харагдлаа. Тусгаарлагдсан иргэд маань өөрийгөө хянаж, анхааралтай байх хэрэгтэй байна.

Үнэн зөв мэдээг цаг алдахгүй өгөх нь бидний үүрэг. Түүнийгээ биелүүлнэ.

- Халдвартай нь тогтоогдсон иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөөч?

Д.Нямхүү: Франц иргэний биеийн байдал тогтвортой, сэтгэл санаа нь тайван байгаа. Түрүүний илэрсэн тохиолдлын биеийн байдал хүндэвтэр, бусад иргэний хувьд биеийн байдал нь тогтвортой, санаа зовоох зүйлгүй байна. Илрүүлээд, эмч нар хяналтандаа авч, эмчилгээ эхэлсэн гэдэг нь чухал. Одоогийн байдлаар ноцтой санаа зовоосон зүйл алга.

- Халдвартай иргэдэд ямар эмчилгээ хийж, ямар эм хэрэглэж байгаа вэ?

Я.Буянжаргал: Бид хамгийн түрүүнд ДЭМБ-ын боловсруулж гаргасан зааврыг үндэслэж байгаа. Дээр нь нэмээд БНХАУ, БНСУ, ОХУ, Вьетнам зэрэг улсад хэрэглэж байгаа эмчилгээний заавруудыг мөн авч ашиглахдаа Монгол Улсад бүртгэлтэй ямар эмнүүд байгааг анхаарч байна.

Хамгийн түрүүнд вирусийн эсрэг эм, уушгины үрэвсэл болж хүндрэхээс сэргийлсэн антибиотик эмчилгээ, дархлаа сайжруулах эмнүүд болон шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийж байгаа. Дээр нь нэмээд уламжлалт анагаах ухааны ямар эмийг ашиглаж болох талаар заавраа гаргаад тухайн эмийг үйлдвэрлүүлэх, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн.

БНХАУ-аас уламжлалт эмийн жорыг нь авсан. Түүнийг хэрхэн хэрэглэж болох вэ гэдэг талаар ярилцаж байна.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмж дотор нэмэлтээр жирэмсэн эмэгтэйг хэрхэн хянах, төрөлтийн үед ямар арга хэмжээ авах болон нярай, бага насны хүүхэд халдвар авбал юуг анхаарах талаар орж ирснийг тэр дор нь орчуулаад хэрэглэж байна.

- Тусгаарлах байранд эм хэрэглүүлэхгүй байна гэх мэдээлэл гарсан байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

Я.Буянжаргал: Тусгаарлах байранд байгаа иргэдэд ямар нэгэн өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэхийг хориглож байгаа. Журамд заасны дагуу тусгаарлах байранд эдгээр эмийг авч орж болохгүй. Учир нь эм өвчний шинж тэмдгийг дараад, халдварыг илрүүлэхгүй байх эрсдэл дагуулж болно.

- Тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч нарыг хэрхэн хамгаалж байгаа вэ, тусгаарлах байранд ажилласан эмч гадуур явж болох уу?

Я.Буянжаргал: Тусгаарлах байранд ажилласан эмч тэнд байгаа иргэдтэйгээ адил 14 хоног тусгаарлагдаж ажиллана. 14 хоног тэндээ байгаад иргэдээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлалтаас гарч байгаа.

Тусгаарлах байранд нэг туршлагатай эмч бусад резидэнт эмч нараа ахлаад ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.