Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Бусад улсад зорчих нь амь насанд эрсдэлтэй гэж ХБНГУ болон БНХАУ-ын Хубэй мужийн захиргаа иргэддээ анхааруулсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа халдвар гарсан улс орнуудын талаар болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.

Тэрбээр “ДЭМБ-ын мэдээллээр СOVID-19 халдварын тархалт сүүлийн үед арлын улс орнууд болон Африкийн бүсийн улсуудад нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн 24 цагийн дотор Европын бүсэд халдварын тохиолдлын тоо 8,507-оор нэмэгдэж, нийт 64,189 тохиолдол болжээ. Нас баралтын хувьд, Европын бүсэд COVID-19 халдварын улмаас нийт 3,108 хүн нас барсан байна.

Харин манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 289 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 91,779 болжээ. Энэ бүс нутагт нас баралтын тохиолдол нийт 3,357 бүртгэгдсэн байна.

Ингээд дэлхийн хэмжээнд СOVID-19-ийн халдвар авсан хүний тоо 179,000-ийг давлаа" гэв.

Мөн тэрбээр "Бельги улс өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохоор болжээ.

Энэ хугацаанд хүнсний дэлгүүр орох, шатахуун түгээх газар, шуудан, банкны үйлчилгээ авах болон яаралтай тусламж хэрэгтэй хүмүүст туслах зорилгоор гэрээсээ гарч болохыг анхааруулаад байгаа аж.

Итали улсын хувьд сүүлийн 24 цагийн дотор шинээр 3,526 халдварын тохиолдол нэмэгдэж, 345 хүн нас барсан байна. Тус улсад COVID-19 халдвараар нас барсан хүний тоо 2,500-г аль хэдийн давсан.

Шинэ халдварын тохиолдол хэдийгээр 12.6 хувиар нэмэгдсэн байгаа ч өмнөх өдрүүдтэй нь харьцуулбал хамгийн бага үзүүлэлт болж байна.

Итали улсад халдварын голомтын цөм болох Ломбарди хотын хэмжээнд нөхцөл байдал хүнд хэвээр, эрчимт эмчилгээний ор маш их дутагдалтай байгааг эх сурвалжууд хэлж байна.

Харин ХБНГУ-д өнгөрсөн 24 цагт шинэ халдварын тохиолдол 2,000 гаруйгаар нэмэгдэж, нас баралт ес бүртгэгджээ.

Шинэ халдварын тоо тасралтгүй өссөөр байгаа учир тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төв COVID-19 халдварын эрсдлийн зэргийг өндөр гэж үзсэн байна.

Тус улсын эмнэлгүүдийн нэгдсэн холбооны өгч буй мэдээллээр ХБНГУ-ын хэмжээнд 500 гаруй хүн COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн өвчтөнүүдийн тоо ойрын өдрүүдэд гурав дахин нэмэгдэх хандлагатай байгаа талаар анхааруулсан.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас нь өөрийн иргэдэд хандаж Герман улсын нутаг дэвсгэрээс гарах буюу бусад улсад зорчих нь амь насанд эрсдэл учруулах аюултай болохыг анхааруулжээ. Энэ төрлийн анхааруулгыг БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргаанаас өмнө нь иргэддээ хандаж өгч байсан.

Учир нь БНХАУ-ын хувьд шинэ халдварын тохиолдлуудын дийлэнх нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Тухайлбал, сүүлийн дөрвөн өдрийн байдлаар тус улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тоо, дотоодын шинэ халдварын тооноос давж байгаа гэсэн мэдээллийг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өгсөн.

АНУ-ын хувьд Баруун Виржиниа мужид халдвар шинээр гарснаар АНУ-ын 50 мужид халдвар бүргэгдлээ.

Мөн Калифорни мужид бүх сургуулийн 98 хувийнх нь үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс болж 6.1 сая хүүхэд гэртээ байгаа бөгөөд цаашид хэдэн долоо хоног сургуулиудын үйл ажиллагааг нээхгүй гэдгээ тус мужийн захирагч мэдэгджээ" хэмээн нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.