Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Зам тээврийн салбарын 16 мянга гаруй ажилтан тусгай горимд шилжин ажиллаж байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ЗТХЯ-ны төлөөлөл оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хоёр сар гаруйн хугацаанд Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, уялдаа холбоог хангах Монгол Улсын нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ЗТХ-ийн Сайдын долоон удаагийн тушаал гарсан бөгөөд нийт 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Зам, тээврийн салбар нь нийт 24 мянга гаруй ажилтантайгаас 16 мянга гаруй нь тусгай горимд шилжин Монгол Улсын хилийн боомтуудад ажиллаж байна.

Ингэхдээ авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон тээвэр зохицуулагч, төмөр замын эмнэлгийн ажилтан, эмч сувилагч нар болон хяналтын тандалт судалгааны баг, галт тэрэгний үйлчилгээний баг, нисэх багийн бүрэлдэхүүн, нисэх буудлын ажилтнууд маш өндөр хариуцлагатайгаар ажиллаж байгаа.

Халдвар гарсан улс орнуудаас өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, нялх хүүхэдтэй ээжүүдийг авчрах ажлыг иргэний агаарын тээврийн ажилтнууд гүйцэтгэж байна. Тусгай нислэгүүдээр нийт 732 иргэнийг тээвэрлэн авчирч, тусгаарлах байруудад хүргэх ажлыг гүйцэтгэсэн ажилтнуудыг мөн 14 хоног тусгаарлаж байгаа.

Өнөө өглөө 06:00 цагт Улаанбаатар-Истанбул чиглэлийн онгоц хөөрсөн. Эргээд 19-ний 01:00 цагт Улаанбаатарт буухаар төлөвлөсөн.

Гуравдугаар сарын 16-нд хөдөлгөөн нээснээс хойш орон нутгийн тээвэр, суудлын галт тэрэг хэвийн байдалдаа орж, авто тээвэр, нийтийн тээвэр үйлчилгээндээ явж байна. Баян-Өлгий аймгаас бусад орон нутгийн чиглэлд зорчигч тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Орон нутгийн нислэгүүд мөн Баян-Өлгийгөөс бусад аймаг руу хэвийн хийгдэж байна" гэдгийг хэллээ.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.