Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Истанбул-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 1,337 иргэн ажиглалтын байранд байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 300 тохиолдлыг сэжигтэй гэж үзэн шинжилгээнд хамруулж, таван тохиолдлын онош батлагдаж халдвартай нь тогтоогдсон.

Өнөө шөнө Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийн тоо яг нарийн тодорхой биш байна. Бидэнд урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан.

Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн учраас эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан.

Тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Шаардлагатай тохиолдолд эмч нар очоод тусламж үзүүлж байгаа.

ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэлжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.

Эрүүл мэндийн салбар халдварын тохиолдол нэмэгдэхэд тухайлбал нэг тохиолдол гарвал, 10 болвол, 100 болвол яаж ажиллах вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргасан түүнийгээ баримтлан ажиллаж байгаа. Эмнэлгийн орнууд дүүрээд гадаадын бусад оронд байгаа шиг нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг төлөвлөлтөө мөн хийсэн. Гэрээр эмчлэх заавар зөвлөмжийг гаргаад ажиллаж байна.

Түүнчлэн бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзэлгийн 2.5 хувийг эзэлж байгаа.

ДЭМБ-ын аргачлалаар халдвар тархах, хүндрэх, маш хүндрэх үед авах арга хэмжээг тооцоолж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 600 ор байгаагаас хүүхдийн болон амаржих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орыг хасаад үлсэн орнуудыг COVID-19 халдварын үед ашиглах талаар төлөвлөлт хийсэн.

Өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эрдэмтэд, эмч нартай цахим хурал хийхээр болсон. Тус хурлаар эмчилгээнд ямар эм тариаг түлхүү хэрэглэж үр дүнд хүрэв гэдгийг ярилцана.

Иргэдэд маань аливаа шинж тэмдэг илэрвэл юуны түрүүнд утсаар зөвлөгөө аваарай" гэлээ.

Биеийн байдал нь хүнд ирж байгаа хүүхдийн хувьд АНУ-д эмчлүүлээд ирж байгаа бөгөөд COVID-19 халдварын улмаас бус өөр өвчнөөр өвдсөн гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нэмж хэлэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.