Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Кевин Дюрант болон багийнх нь гурван тамирчнаас коронавирусийн халдвар илэрчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Брүүклин Нэтс багийн дөрвөн тамирчин коронавирусийн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдний нэг нь алдарт тамирчин Кевин Дюрант бөгөөд бусдынх нь нэр хараахан тодорхой болоогүй байна.

Шинжилгээгээр халдвартай нь тогтоогдоод буй дөрвөн тамирчны нэгнээс нь өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурав нь одоогоор ямар нэгэн зовуурьгүй байгаа аж. Одоогоор тамирчид багийнхаа эмчийн хяналтад тусгаарлагдаад байна. Түүнчлэн тэдний хамгийн сүүлд харилцсан хүмүүсийг тодруулахаар ажиллаж байгаагаа Брүүклин Нэтс багийнхан гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Тус багийн дөрвөн тамирчнаас коронавирус илэрснээр халдвар авсан NBA-н тоглогчийн тоо долоо боллоо. Өмнө нь Юта Жазз багийн Донован Митчелл, Руди Гоберт болон Детроит Пистонс багийн нэр нь тодорхойгүй байгаа нэг тамирчнаас илрээд байв.

Анхны тохиолдол болсон Юта Жазз багийн тамирчин Руди Гобертоос коронавирус илэрснээр Америкийн сагсан бөмбөгийн холбооноос улирлын тоглолтуудыг түр зогсоох шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: CNN

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.