Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургалтын эмнэлгийн асуудлыг ЭМЯ маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн харьяалал, төсөв санхүү болон үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бид өмнө нь хөндсөн билээ. 

Мөн уг асуудалтай холбоотойгоор АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөллүүд гарын үсэг цуглуулж, Монгол Улсын Их Хуралд хүсэлт гаргаад буй. 

Уг хүсэлтэд:

  • Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах;
  • Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах хэмээх асуудлыг тусгасан.

Тэгвэл маргааш болох Засгийн газрын ээлжит хурлаар АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам асуудал оруулна” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулсан мэдээлсэн байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр АШУҮИС-ийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ “Нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал. Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой" гэдгийг хэлсэн. 

Тус эмнэлгийг тойрсон олон асуултад хариулт авах үүднээс бид өмнө эмнэлгийн энэхүү төслийг эхлүүлж ажилласан, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатартай ярилцлага хийж байв. /Ярилцлагыг энд дарж уншина уу/

Тэрбээр ярилцлагадаа “2014 оны гуравдугаар сард анхны гэрээгээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурахдаа Японы талтай сайн ярилцсаны үндсэн дээр их сургуулийн эмнэлэг барих төслийн захиалагч нь БСШУСЯ, гүйцэтгэгч нь ЖАЙКА, хөрөнгө оруулагч нь Японы Засгийн газар, эзэмшигч нь АШУҮИС байя гэж тогтоод бүх хэлцэл яг үүгээр явсан. Тэр дунд сургалтын эмнэлэг ЭМЯ-нд харьяалагдана гэсэн нэг ч үг үсэг байгаагүй.

Мөн 2017 онд улсын төсөв хэлэлцэж эхлэх үеэр бид хөөцөлдөж байгаад 14 тэрбум төгрөгийг Боловсролын сайдын багц дээр улсын төсөвт суулгаж чадсан юм.

Гэтэл энэ Монголын талын хөрөнгө буюу 14 тэрбум төгрөгийг АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барилга руу хийчихсэн. Барилгын кампусс асуудалгүй баригдаж байсан үед шүү дээ. Монголын талаас гаргах 14 тэрбум төгрөг чинь эмнэлэг баригдсаны дараах буюу ор дэвсгэр, цагаан даавуу, эм тариа, оношлуур цаашлаад эмч нарын цалин гээд эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн авч явахад хэрэглэх мөнгө байсан юм.

2020 оны төсөв хэлэлцэх үед сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад 15-16 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн яригдаж байсан ч 4 тэрбум төгрөгийг л суулгасан байсан” гэж ярьсан байдаг.

Харин маргааш ЭМЯ ямар асуудал оруулах нь тодорхойгүй байгаа ч Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд буй уг сургалтын эмнэлгийн асуудлыг авч хэлэлцэх нь.