Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн эрүүл байх эсэх нь 10% нь эрүүл мэндийн салбараас, харин 50% нь өөрөөс шалтгаалдаг

ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Баянгол дүүргийн хэмжээнд 23 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд айл өрхүүдийн хаягжилт замбараагүй, задгай талбайд буюу уулын орой, энгэрт гэр барьж амьдарч байгаа нь хүндрэлтэй байдаг. Ийм тохиолдолд эмч, мэргэжилтнүүд гэмтэж бэртэх эрсдэлтэй. Мөн айлууд руу алхаж явдаг тул  цаг хугацаа алдах тал бий. Бүх хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг автомашинаар хангасан тухайн үед манайх салбар эмнэлэг гэж явдаг байсан учраас хуваарилалтад багтаж чадаагүй” гэж Баянгол дүүргийн  “Сайнчагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Насанжаргал ярьж байна. 

Тухайн улс орны хөгжлийн гол үндэс болсон хүн  эрүүл байж оюун санаа, бие бялдрын хувьд өндөр бүтээмжтэй, сайн сайхан амьдарна гэсэн үзэл баримтлалыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, улмаар энэ нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болсон. Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын хүрээнд Токио хотноо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаар Дэлхийн банкны ерөнхийлөгч “Өнгөрсөн жилүүдэд том алдаа гаргажээ. Бид эрүүл мэндээс илүү дэд бүтцэд анхаарч, үүнд хөрөнгө оруулалтаа чиглүүлж ирсэн алдааг засч, бодлогоо өөрчлөх ажил бидэнд тулгарч байна” гэж мэдэгдсэн удаатай.1  

БНХАУ-аас дэлхий дахин дэгдээд буй Covid-19 вирусын тархалт нь манай Монгол улсын эрүүл мэндийн салбарын онцгой байдлын үеийн менежментийн чадварыг сорьж байна. Манай улсын эрүүл мэндийн салбарын бусад оронтой харьцуулсан үзүүлэлтийг харвал бидний ярьдаг шиг тийм ч муу биш ажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй Байдлын Индекс (Global Health Security Index) 2 үнэлгээний 2019 оны тайлангаар Монгол Улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлтээр 195 орноос 46-р байранд эрэмбэлэгджээ.

Тус үзүүлэлтийг АНУ тэргүүлсэн бол БНХАУ 30-д, ОХУ харин 63-т буюу Монгол улсын ард эрэмбэлэгдсэн байна.

НИЙТ ОНОО
2. Олон улсын
хэмжээний халдварт
өвчнийг эрт оношлох,
мэдээлэх чадвар
3. Цар тахалын
тархалтын үед
яаралтай арга
хэмжээ авах,
бууруулах чадвар
1 АНУ 83.5 1 АНУ 98.2 1 НВУ 91.9
2 НВУ 77.9 2 Австрали 97.3 2 АНУ 79.7
  ...     ...     ...  
45 Эквадор 50.1 19 Эстони 77.6 89 Буркина Фасо 38
46 Монгол 49.5 20 Монгол 77.3 90 Монгол 37.8
47 Киргиз 49.3 21 Франц 75.3 91 Судан 37.3

Эх сурвалж: Global Health Security Index

Үнэлгээг үндсэн 6 дэд үзүүлэлтээр үнэлжээ.

Үүнээс Монгол Улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт нь “Олон улсын хэмжээний халдварт өвчнийг эрт оношлох, мэдээлэх чадвар”-аар 20-д буюу Франц, Эстони зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд үнэлэгдсэн байлаа.

Энэ үзүүлэлтээ яг одоогийн үйл явдлаар баталж харуулж чадаж байгаа гэлтэй. Харин “Халдварт өвчний тархалтын үед яаралтай арга хэмжээ авах, бууруулах чадвар”-аар хамгийн муу буюу 90-р байранд эрэмбэлэгдсэн байв.

Үүнтэй холбоотой манай улсын эрүүлийг хамгаалахаар ажиллаж буй ажилчдын маань нөхцөл байдал ямар байгаа бол гэсэн асуудал аргагүй үүснэ.

Монгол улсын эрүүл мэндийн салбар бол 30 гаруй мянган хүн ажилладаг томоохон салбар3. Эрүүл мэндийн салбарт хувийн эмнэлгүүд, компаниуд хамаарах ч гол ачааг төр үүрч явдаг.

Эрүүл мэндийн салбарын албан хаагч нь төрийн үйлчилгээний албанд хамаарах бөгөөд 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн засгийн газрын тогтоолоор4 шинэчлэн батлагдсан цалингийн сүлжээний дагуу үндсэн цалин нь 506 мянгаас 962 мянган төгрөгийн хооронд байдаг байна.

Харин ажлын ачааллын хувьд бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдохыг доорхи харьцуулалтаас харж болно.

 

Мянган хүнд ногдох их эмчийн тоо 2016

Мянган хүнд ногдох сувилагчийн тоо 2016

НВУ

2.79

8.33

Швед

5.39

11.54

Монгол

2.88

3.98

ОХУ

4.01

8.62

 

Эх сурвалж: World Bank

Ямартай ч дэлхий нийтэд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08.30-17.30, амралтын буюу Ням гарагт 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Өрхийн эмнэлгийнхэн зорилтот бүлгийн буюу өндөр настан, дөнгөж төрсөн эх, хэвтрийн дэглэмтэй хүмүүс дуудлага өгсөн тохиолдолд зайлшгүй очиж үздэг бол товлолын дагуу нярайг хоёр сар хүртэл, жирэмсэн эхийг 20, 32 долоо хоногтойд гэрт нь очиж үзэж, зөвлөгөө өгдөг байна.

Харин графикийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сард нэг, тавдугаар бүлэг буюу хэвтрийн өндөр настныг 14 хоногт нэг, дөрөвдүгээр бүлгийнхийг сард нэг  удаа эргэдэг байна.

“Сайнчагнуур” өрхийн эмнэлэг XX хорооны гэр хорооллын 8,734 хүн амд тусламж үйлчилгээ үзүүлдгээс 1,000 гаруй нь 0-5 насны хүүхэд.

Өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн 70-80 хувь нь өндөр болон бага насныхан байдаг аж. Тухайн хороонд албан ёсоор бүртгэлтэй иргэдээс гадна орон нутгаас шилжин ирсэн, зөвшөөрөлгүй газар бууснаас болж бүртгүүлж чадахгүй иргэн, нийтийн байрны оршин суугч зэрэг бүртгэлгүй хүмүүст мөн адил тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

Хувь хүн эрүүл байхыг эрүүл мэндийн салбарын ажил, эмч мэргэжилтний үүрэг гэж өрөөсгөл ойлгодог.

Гэтэл бодит байдалд тус байгууллагаас 10, бусад салбар хамтын ажиллагаанаас 25, удамшсан генээс 10, үлдсэн 50 гаруй хувь нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаагаар  тогтоожээ5

Харин энэ тал дээр иргэд өөрсдөө хойрго байдаг талаар Б.Насанжаргал эмч ярилаа. “Манайх эрүүл мэндийн нэгдсэн төвтэй хамтарч иргэдийн цаг завд тааруулж, амралтын өдрөөр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулдаг. Жилийн өмнөөс төлөвлөж, хэзээ, хэдэн цагаас болох талаарх мэдээллийг эртнээс зарладаг ч хоёр удаагийн үзлэгээр 200 гаруй хүн л хамрагдсан. Зүрх судас, дотор, эхо, лаборатори, сүрьеэгийн эмч нар ирж, үзлэг хийх гэх зэргээр эрүүл мэндийн байгууллагууд боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд байхад иргэд өөрсдийнхөө төлөө хэдхэн цаг зарцуулж чадахгүй байна” гэж тэрбээр шүүмжилж байлаа.

“Үүнээс гадна манайх сүүлийн хоёр жилийн хугацаанд долоо хоног бүр тухайлсан сэдвийн дагуу сургалт зохион байгуулсан. Энэ тухай зар мэдээллийг хороотойгоо хамтарч, иргэдэд хүргэдэг. Өнгөрсөн хугацаанд буюу 2019 онд 34 удаагийн сургалт зохион байгуулж, 1,400 гаруй хүнийг хамруулсан. Сэдвээсээ шалтгаалж зарим тохиолдолд хүн бүр рүү утсаар залгаж, зурвас бичиж мэдэгдээд ч ирдэггүй” гэв. Уг нь тухайн өвчлөл аль насныханд илүү зонхилон тохиолдож байна вэ гэдгээс хамаарч, тэр насныхныг түлхүү хамруулахыг эрмэлздэг ажээ.

Хэдий тус эмнэлгийнхэн хөл дүүжлэх унаагүй ч гэлээ өргөсөн тангаргаасаа няцахгүй, цаг харж яарахгүй, цалингаа голж шантрахгүй, шалтаг тоочихгүй иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ажилласаар л  байна.

Үүнийг орон нутагт мориор тусламж үзүүлээд явж буйгаас өгсүүлээд олон жишээнээс харж болно. Мөн коронавирус дэлхий нийтэд хурдацтай тархаж, цар тахалын хэмжээнд хүрсэн энэ үед хэрхэн ажиллаж буй нь үүний нэгэн тод жишээ юм.  



Энэхүү эхийг Lead Mongolia - 2019 оны Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багтай хамтран бэлтгэв. Та энэхүү нийтлэл таалагдсан бол #БидэндҮйлчилсэндБаярлалаа #ThankYou4YourService #LeadMongolia хаштагтайгаар хуваалцана уу.