Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гылымхан: Баян-Өлгий аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж байгаа. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дөрвөн байранд нийт 192 хүн тусгаарлагдаад байна. Өнөөдөр УОК-той цахим хурал хийж, асуудлаа шийдвэрлүүлээд байна. Тусгаарлагдсан 192 иргэнээс гадна гуравдугаар сарын 14-нд Казахстанаас ирсэн 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан, хяналт тавьж ажиллаж байна. 

Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрвөн удаагийн сэжигтэй тохиолдол илэрсэн. Тэдгээр тохиолдлууд бүгд эрүүл гэдэг шинжилгээний хариу гарсан. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт тусгаарлагдсан байгаа нэг хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. 

Баян-Өлгий аймаг эрсдэлтэй бүсэд тооцогдож байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хориод байна. Эмнэлэгт тусгаарлагдан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэний давтан шинжилгээний хариу гартал энэ хөл хориог үргэлжлүүлнэ. Давтан шинжилгээг гурван хоногийн дараа авах журамтай. Энэ дагуу маргаашаас шинжилгээ авч хот руу явуулна. 

Аймгийн мэргэжил сургалтын төв, ахлах сургуулийн байранд иргэдийг тусгаарлаж байгаа. Гэвч олон хоногийн дараа ирсэн иргэдийн өмнө нь тусгаарлагдсан иргэдтэй хамт тусгаарлах боломжгүй байна. 

Бид гаднаас ирж байгаа иргэдийг үнэ төлбөргүй тусгаарлаж байгаа. Казахстан улсад суралцаж байгаа 800 оюутан, мөн тус улсад ажлаар зорчиж байгаа 400 гаруй иргэн байна. Тэдгээр хүмүүс наашаа орж ирвэл байрлуулах байрнуудыг бэлдэж байна. Зочид буудлуудыг дайчлах асуудлыг ярилцаж байна. 

Монгол-Туркийн хамтарсан сургуулийн байранд хоногийн 10 мянган төгрөгийн төлбөртэйгээр байрлуулах 150 ор бэлдүүлсэн. Цаашид Бугат, Сагсай сумдын сургуулийн дотуур байрыг бэлдүүлнэ. 

Өнөөдрийн байдлаар Цагааннуурын боомтоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан. Харин ачаа бараа, шатахууны тээврийг нэвтрүүлж байна. Энд байгаа Казахстан болон өөр улсын иргэдийг чөлөөтэй гаргаж байгаа. 

Баян-Өлгий аймгийн зүгээс УОК-т хэд хэдэн хүсэлт тавьсан. Манай аймагт 255 сая төгрөгийн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл шаардлагатай байгаа. Үүнийг УОК-ын хуралдаанд танилцуулсан.  Мөн Нэгдсэн эмнэлэгт өвчтөн тээвэрлэхэд зориулагдсан туулах чадвар сайтай машин шаардлагатай байгаа. Энэ асуудлыг ЭМ-ийн сайд газар дээр шийдэж өгсөн.

Шадар сайд шаардлагатай хөрөнгийг хянаад холбогдох байгууллагуудад уламжилна гэсэн. 

Аймгийн хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөц байгаа. Шатахууны нөөц хангалттай бий. Шатахууныг зэргэлдээ болон, төвийн аймгууд руу нийлүүлж байна” гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.