Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Бидний ажлыг дэмжиж байгаа бол садаа болмооргүй байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийсэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ажлынх нь явцад гарч байгаа зарим хүндрэлийг ярилаа.

Тэрбээр "COVID-19 халдвар илэрсэн мэдээллийг аваад бид маш их ажилтай байхад аль нэг мэдээлэл сонсоод хэвлэл мэдээллийнхэн байнга утасдаж байна. Утсаа авахгүй байхаар дахин дахин залгаад байдаг. Ингээд ажлаа хийх нөхцөлийг хүндрүүлээд байгаа.

Халдвар илэрлээ гэхэд нэн тэргүүнд хавьтлуудаа ялгахын тулд маш нарийн хуваарилалтуудыг хийдэг. Энэ бол маш чухал ажил. Түүнээс биш хагас өдрийн өмнө мэдээлэл дамжуулах нь чухал биш.  

Шинжилгээний хариу түргэн гаргаж яах гээд байгаа юм бэ, нэг цагийн өмнө гаргалаа гээд ямар ашиг, амжилт байна вэ? Бидний ажлыг дэмжиж байгаа бол ингэж садаа болмооргүй байна. Мэдээллээ алдаж, будилж хэлэхгүйн төлөө нэг бүрчлэн бэлтгээд ээлжит хэвлэлийн хуралдаа ирж байгаа. Тиймээс нэг шугамаараа мэдээллээ хүлээж авч байвал бидэнтэй хамтран ажиллаж байна гэж ойлгох юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өчигдөр ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл хийхээс өмнө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурван иргэний шинжилгээний хариунаас халдвар илэрсэн талаар мэдээлэгдэж эхэлсэн. Мэдээлэл хаанаас алдагдаад байна вэ?

- Энэ өвчнөөс дэг журам л аварна гэдгийг хэлээд байгаа. Цахим ертөнцийг хянаж чаддаг байгууллага нь гаргаж ирээд хяриуцлагаа тооцно. Нэг цагийн өмнө тэр мэдээллийг гаргаж ирэх нь ямар ашигтай юм бэ, тэр мэдээг өгснөөрөө мөнгө аваад байгаа юм уу.

Халдвар илэрлээ гэхэд тэрийг нуух ямар ч шалтгаан байхгүй. Түүн дээрээ хурдан түргэн ажиллаж, анализ хийгээд, аюулыг хумих нь чухал.

Онгоцоор ирж байгаа хүмүүсийн халууныг үзээд, эрүүл мэндийн асуумж аваад чадлынхаа хэрээр хянаад явж байна.

Нэг хэвлэл мэдээлэл гаргахад л маш хурдтай тархаад явчих юм. Гар утас хэчнээн их дугарав аа. Утсаар өөр чухал хүнтэй ярих нөхцөл бүрдүүлэхгүй биднийг ядрааж, манарааж байна. Утас чихнээс салахгүй бүр халчихсан байдаг. Зөвхөн над руу ч биш, эмч нар руу маш их залгаж, шалгааж байна. Ингэж хүмүүсийг стресст оруулах нөхцөл бүрдүүлсэн хүнийг заавал олж, хатуу шийтгэх ёстой.

Иргэд маань "энэ мэдээ үнэн үү, тэр мэдээ худал уу" гэж байхын оронд 11:00 цагийн мэдээгээ хүлээгээд мэдээллээ авч байгаарай.

- Халдвар авсан гурван иргэний талаар мэдээлэл өгнө үү?

- Халдвар авсан гурван хүн гурвуулаа эмэгтэй. 37, 50 болон 60 гаруй настай. Эмчилгээ хяналт эхэлсэн. Франц иргэний биеийн байдал хэвийн байна. Одоо ингээд монгол иргэдээ давхар эмчилж эхэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.