Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ маргаашаас эхлэн тавдугаар сарын 1-н хүртэл гадаадын иргэнийг хилээрээ нэвтрүүлэхгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Тэрбээр “Европ тивд, ялангуяа Франц, Испани улсад COVID-19 халдвар өргөн хүрээнд тархаж, халдварын голомтын цөм болоод буй Итали улсын дараа орж байна. Үүнтэй холбоотойгоор Франц улс хилээ бүхэлд нь хаалаа.

Ингэхдээ иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг Засгийн газар нь хатуу анхааруулж, хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах тухай мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тус улсад 6,600 гаруй хүн халдвар авч, 148 хүн нас баржээ.

Хойд Америкийн хувьд, Канад улсын Ерөнхий сайдын мэдээлж буйгаар тус улсын хилийн хяналтыг улам чангатгаж байгаа бөгөөд зөвхөн Канадын иргэд, байнгын оршин суугчид болон АНУ-ын иргэдийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрч буй.

Бусад бүх улсын иргэдийг хилээрээ зорчин нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Харин АНУ-д коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Холбооны улсын хэмжээнд мөрдөх хязгаарлалтуудын арга хэмжээг шинээр баталж гаргажээ.

Үүнд:

  • Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх,
  • Боломжтой бол гэрээсээ ажиллах,
  • Зайлшгүй шаардлагатай биш бол хүмүүстэй уулзахгүй байх,
  • Ресторан, баар зэрэг нийтийн үйлчилгээний газруудад хооллохоос татгалзах,
  • 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байх,
  • Иргэдийн дунд халдвар өргөн хүрээнд тархаж буй шинж тэмдэг, нотолгоо бий болсон нөхцөлд бүх мужийн захирагч нарт сургуулиудын үйл ажиллагааг хаах эрхийг олгосон байна.

Мөн Австрали улс гадаад улсад зорчсон бүх иргэнийг 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдүүлж буй бөгөөд дэглэмийг зөрчсөн тохиолдолд өөрийн харьяалах муж улсын гамшгийн болон нийтийн эрүүл мэндтэй холбоотой хууль тогтоомжид заасны дагуу мөнгөн торгууль, хорих ялаар шийтгүүлэх хуулийн зохицуулалтаар шийдэж байна.

Харин ОХУ гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд гадаадын иргэн болон харьяалалгүй этгээдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар тус улсад халдварын тохиолдол 93 бүртгэгдсэн байна.

БНХАУ-ын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол 21, нас баралт 13 бүртгэгджээ" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "ДЭМБ-ын өгч буй мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус байгууллагын Африкийн бүсэд хоёр, Европын бүсэд нэг, Америкийн бүсэд нэг улс халдварын тохиолдлыг шинээр бүртгэсэн байна.

24 цагийн хугацаанд гарсан онцлог өөрчлөлт нь, БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо БНХАУ-д бүртгэгдсэн тооноос анх удаа давжээ.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас цаашид БНХАУ-ын халдварын тохиолдлын тоог тусад нь үзүүлж, мэдээлэхээ зогсоолоо” хэмээн онцлов.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.