Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: БНХАУ-аас халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусгаарлан ажиглах ажиглалтад улсын хэмжээнд нийтдээ 2,239 хүнийг хамруулсан байгаа. Өнөөдрийн байдлаар 1,330 хүн тусгаарлан ажиглалтад байна.

Нийт 293 сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулснаас дөрвөн тохиолдлын онош батлагдсан.

Өчигдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа 63 хүнийг Цэргийн төв эмнэлэг дээр аваад, бусад хүнийг Жаргалан, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувиллуудад хуваарилаад байна.

Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 хүн ирснээс диализийн аппаратанд орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аваад бусад хүнийг Амар зочид буудалд байрлуулсан.

Хилийн боомтуудаар олон улс дамжиж зорчсон иргэд ирсээр байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтуудаар Австрали, Тайланд, Филиппин, Хонг Конг, БНСУ, БНАСАУ, ОХУ, Канад, Франц, Унгар, Испани, Индонез, Турк, Узбекистан зэрэг улсуудаар дамжсан иргэд орж ирж байгааг тусгаарлаж байгаа.

Өчигдөр Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаад тухайн эмнэлгийн 570 орон дээр үзүүлж байсан эмнэлгийн тусламжийг УНТЭ, УГТЭ, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн.

Бүх тусгаарлах байран дээр лавлагаа төвүүдийн нэг, нэг эмчээр ахлуулаад резидент эмч нараа ажиллуулж байна. Шадар сайдын баталсан Тусгаарлах журам бүх байруудад хэрэгжээд явж байгаа.

Мөн БНХАУ-аас халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан" гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.