Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнийг хэрхэн бууруулахаа ААН-үүд гуравдугаар сарын 23-ны дотор ирүүлэхийг ШӨХТГ-аас шаардлаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр ОХУ-ын "Роснефть" компанийн газрын тосны гадаад хилийн үнэ буурсантай холбоотойгоор ШӨХТГ-аас "Роснефть" компаниар дамжуулан шатахуун импортолж буй ААН байгууллагуудад шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн гэдгээ ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэллээ. 

Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард тонн тутамдаа А80 автобинзен 539 ам.доллар, АИ92 автобинзен 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болсон. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, АИ92 автобинзен тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус буурчээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд

  • А80 автобинзен литр нь 1,730 төгрөг
  • АИ90, АИ92 автобинзен 1,835 төгрөг 
  • Дизель түлш литр тутамдаа 2,464 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулагдаж байна.

Салбарын яам, агентлагуудын ашигладаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортын үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоо (СРТ-Наушки, Төвийн бүс)”-ны загварыг ашиглан холбогдох тоооцооллыг хийхэд

  • А80 автобинзен литр тутамдаа 198 төгрөг
  • АИ90, АИ92 автобинзен литр тутамдаа 194 төгрөг
  • Дизель түлш литр тутамдаа 335 төгрөгийн ашигтай байна.

Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, авсан арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүлээд байна.

Иймд аж ахуй эрхлэгчдийг шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр, ямар хугацаанаас эхлэн бууруулах талаарх мэдээллээ хэрэглэгчдэд ил тод мэдээллэх шаардлагыг хүргүүлж байна" гэлээ. 

Гадаад хилийн үнэ буурсан бол Монголд бензиний үнэ хэд болохыг шуурхай мэдэгддэг байвал чухал бөгөөд ШӨХТГ уг асуудалд хуулийн дагуу хяналтаа тавьж ажиллаж байгаагаа хэллээ.