Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас 3%-ийн хүүтэй, 100 сая хүртэл төгрөгийн зээл гаргах хуулийн төсөл өргөн барина

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөл хуралдаж коронавирусийн улмаас үүсээд буй асуудлын талаар ярилцлаа. 

Өнгөрөгч Бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо анх удаа мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлаар цахимаар хуралдлаа. Мөн Үндсэн бодлогын хороонос УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл өглөө. Энэ дагуу АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.  

Коронавирусийн улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу алга. 

Хуулийн төслийн тухайд, 2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэл төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох. Түүнчлэн арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, ААН-ийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл юм.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ хуулийн төслийн хамгийн гол санаа нь ажлын байрыг хамгаалахад чиглэгдсэн. Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-үүдийн зээлийг шууд гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм. 

Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас коронавирусийн дэгдэлт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг -0.74 хувиар доош нь чангаах нь гэдэг тооцоо гаргасан байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийн оновчтой, ухаалаг, хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Коронавирусээс хамгаалах эрүүл мэндийн арга хэмжээг хэтэрхий их анхаарч, эдийн засгаа орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээг хоюуланг нь зэрэгцүүлж авч явахгүй бол бид эдийн засгаа сэргээх гэж маш удаан хугацаа шаардагдана гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу. 

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөлөөх, түрээсийн орлого, зээлийн хүүг тодорхой хугацаанд төлөхөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь зөв. Гэхдээ энэ бүх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх дарамтыг хөнгөлөх биш тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа учраас зээлийн хүүг бодитоор бууруулах арга хэмжээ авах нь энэ цаг үед оновчтой шийдэл юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.