Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд онц байдал зарлаж, Узбекистанд халдварын анхны тохиолдол илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Казахстан улсад шинэ коронавирусийн халдварын гурван тохиолдол нэмж илэрснээр нийт тоог 9 болгожээ.

Тус улсын ерөнхийлөгч өчигдөр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, дипломат төлөөлөгчид болон тус улсын засгийн газрын урилгатай зочдоос бусад бүх хүмүүсийг хилээр орох, гарахыг хориглосон байна.

Казахстанд анхны хоёр тохиолдол өнгөрсөн Баасан гарагт илэрсэн бол ийнхүү богино хугацаанд 9 болж нэмэгджээ.

Казахстаны хөрш Узбекистан улсад өчигдөр бас анхны халдварын тохиолдол илэрсний дараа хилээ хаах ижил арга хэмжээг авсан байна.

Франц улсаас ирсэн тус улсын иргэнээс Covid-19 вирусийн халдвар илэрсэн юм.

Узбекистаны засгийн газар бүх шатны сургуулиудыг гурван долоо хоногийн хугацаанд хааж, олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглосон бол гуравдугаар сарын 16-наас эхлэн олон улсын агаарын тээвэр, автозамын тээврийг зогсоох шийдвэр гаргажээ.

Баасан гарагийг хүртэл Төв Азийн таван “стан” улс коронавирусийн ганц ч халдваргүй дэлхийн газрын зурагт цагаанаар тэмдэглэгдэж байв. Тэгвэл тэдгээрээс хамгийн олон хүн амтай хоёр улсад нь ийнхүү халдвар тархаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.