Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай нислэгийн үед нисэх буудал, автобус, иргэд байрлах зочид буудал, сувиллуудад халдваргүйжүүлэлт хийж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хариуцан ажиллаж байгаа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "COVID-19 халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн ЗӨСҮТ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлэн ажилласан. Сүүлийн өдрүүдэд гадаад оронд байгаа иргэдээ тусгай нислэгээр авчирч байгаатай холбогдуулан есөн баг, 50 гаруй мэргэжилтэн эцсийн халдваргүйжүүлэлт хийхээр байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Зорчигчдыг ирэх үед нисэх буудал, тээвэрлэсэн автобус, байрлах зочид буудал, сувиллуудад гурван баг халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Өнөөдөр мөн хоёр баг нисэх буудал дээр ажиллаж байна.

Тусгай үүргийн онгоцууд цаашдаа удаа дараа ирэх учраас УОК-ын шуурхай штабын бүрэлдэхүүнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн хүмүүс орж ажиллаж байгаа.

Бидний гол үүрэг бол халдвар дамжихаас сэргийлэх бөгөөд БНХАУ-тай хамгийн урт газраар хиллэдэг ч гэсэн халдвараас сэргийлж байгаа сайн туршлагуудын нэг нь ариутгал, халдваргүйжүүлэлт юм.

Ард иргэд маань мөн мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Эцсийн халдваргүйжүүлэлт хийх нь үр дүнтэй байгааг харгалзан иргэд маань цаашид ч мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөнө гэдэгт найдаж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.