Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Францын долоон жуулчинд үйлчилсэн гүйлгэх, халуурах зовуурьтай монгол иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д тусгаарласан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “Бид нийт 1,697 хүнийг ажиглах байранд тусгаарлан ажигласан. Яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна.

Харин нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн.

Өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдсан нь хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй монгол иргэн. Тэрбээр гүйлгэх, халуурах зовуурьтайгаар тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.

Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гаднын улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна.

Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийн иргэд байгаа.

Мөн Вьетнам, Эрхүү, Улаан-Үдээр орж ирсэн хүн бий. Мөн Сөүл, Филиппин, Хонг Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна.

Мөн тэрбээр "Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дэгү, Бусаны чиглэлээс ирсэн 10 иргэнийг тусгаарласан бол Цэргийн төв эмнэлэг дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай буюу жирэмсэн, хэвтрийн, тэргэнцэртэй, нярай зэрэг нийт 51 хүнийг байрлуулсан.

Харин "Энх саран" сувилалд 184 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Мөн бид Цэргийн төв эмнэлгийн 570 орыг бэлдсэн бөгөөд одоогоор тус эмнэлэг дээр сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдсан" гэв.

Японоос 270 иргэн ирнэ 

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдөр өглөө Берлин- Москва чиглэлийн онгоцоор 231 хүн ирснээс бөөрний эмчилгээ шаардлагатай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол өндөр эрсдэлтэй газраас ирсэн, халуурсан өгүүлэмжтэй нийт 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Ямар нэг зовуурьгүй, шинж тэмдэггүй байгаа иргэдийг "Амар" зочид буудалд тусгаарлахаар бэлтгэсэн бөгөөд ГССҮТ-ийн эмч ахлан ажиллаж байна.

Мөн өнөөдөр орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Урьдчилсан байдлаар тус онгоцонд 270 иргэн ирнэ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үүнээс 56 иргэнд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Харин ХӨСҮТ-д буй онош батлагдсан тохиолдлын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ханиалгалт нь буурсан" хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.