Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх зорилгоор Венесуэль улс долоон муждаа хөл хорио тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн анхны халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт Венесуэль улсад илэрсэн юм. Харин Ням гарагт долоон тохиолдол шинээр илэрч, нийт тоо нь 17 болж огцом нэмэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Венесуэль улсын долоон муж, нийслэл Каракас хотод бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх болсныг тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр зарлажээ. Тус улс нь 23 муж, нийслэл Каракас гэсэн засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг.

Хөл хорио Даваа гарагийн өглөөний 5:00 цагаас эхлэн хэрэгжиж, зөвхөн хүнсний түгээлт, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй байдалтай холбоотой хөдөлгөөнийг зөвшөөрөх юм байна.

Уг арга хэмжээг зарлахаасаа өмнө Мадуро Европ тив, Колумби, Панам, Доминиканы Бүгд Найрамдах Улсуудын нислэгийг зогсоож, бүх шатны сургуулиудыг хааж, спортын арга хэмжээнүүдийг хориглосон юм.

Өөрийн худалдааны гол түнш Хятад улсын туршлага дээр үндэслэн хөл хорио тогтоож байгаагаа тайлбарласан Мадуро “үүнээс өөр ямар ч арга байхгүй” гэж мэдэгджээ.

Эдийн засгийн гүн хямралтай, эрүүл мэндийн систем нь сүйрсэн Венесуэль улсад Covid-19 вирусийн халдвар тарвал нөхцөл байдал гамшгийн түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.