Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл “Хавдаргүй ХОТ” хөтөлбөрт хамрагдана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай уулзлаа.

Тэрбээр Хотын даргад “Хорт хавдаргүй ХОТ” хөтөлбөрийн агуулгыг танилцуулж, явц ямар байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Ж.Чинбүрэн эмч “Манай улсад жилд 6,000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдараар өвчилдөг. Хавдарыг эцсийн шатандаа орсоны дараа мэдсэнээр 4,000 орчим хүн жилд нас бардаг гэсэн судалгаа бий. Иймд “Хот хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдвал бид тоног төхөөрөмж, сургалт, оношлогоо, эрт илрүүлэг, эмчилгээ, менежмент гээд иж бүрэн шинэчлэл хийх боломж бүрдэнэ” гэв.

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид хүн төвтэй хөгжлийг бий болгох том зорилго тавин ажиллаж байгаа. Хорт хавдраас үүдэн жилд 4,000 хүн нас барж байна гэдэг бол маш харамсалтай тоо. Иймээс хорт хавдарын эрт илрүүлгийн ажилд анхаарч ажиллах нь чухал байгаа юм. Энэ хөтөлбөр дэлхийн 17 хотод хэрэгжиж байгаа. Бид 18 дахь хот  нь болж “Хорт хавдаргүй хот” байхын төлөө ажиллана” гэж хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэд хорт хавдартай тэмцэх олон улсын байгууллага бий. Энэ байгууллагын Удирдах зөвлөлийн хурал ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хот “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдэх аж.

Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур МУГЖ М.Баярмагнай Ж.Чинбүрэн эмчтэй уулзахаар утсаар ярьж, зөвшөөрөл авч Хотын даргын өрөөнд орж ирсэн юм. Учир нь Ж.Чинбүрэн эмч коронавирусийн түргэн оношлуурын талаар өөрийн цахим хуудастай мэдээлж байсан билээ.

МУГЖ М.Баярмагнай коронавирусийн оношлогоо өгөхөөр ирсэн гэдгээ хэлж, Хотын дарга С.Амарсайханы хамт коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээ өглөө.

Тус оношлуурын хувьд өндөгний цусаар үзэж, хариу нь  хоёр зураастай гарвал эерэг, 1 гарвал сөрөг, 0 байвал тест ажиллахгүй байна гэж үздэг гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэллээ. Мөн тэрбээр “Вирусийн далд үед илрэхгүй бөгөөд халуунтай байгаа бол энэхүү оношлуураар үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Түүнчлэн иргэд олон нийт халуунтай байгаа бол халууны эм ууж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь чухал” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, МУГЖ М.Баярмагнай нараас авсан коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээний хариу 5 минутын дотор гарч, хариу нь сөрөг гарсан юм.

Жүжигчин М.Баярмагнайн хувьд Хотын даргатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, иргэдийг гадуур явахдаа тогтмол амны хаалтаа зүүх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх тухай зэрэг Хотын даргын гаргасан шийдвэр, уриалгыг дэмжин, өөрийн хамтлаг болох MACК пордакшны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаж байгаагаа дурдлаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Франц иргэнтэй харьцагчтай ойр байсан гэх иргэдээс COVID19- халдвар илрээгүй гээд нийслэлийн иргэд тайширч, санаа амарч болохгүй. Амны хаалтаа зүүж, гараа байнга угааж, гэр орон, албан байгууллагадаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийх чухал. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бид бүгд хаанаа хаанаа анхаарал болгоомжоо сулруулах учиргүй” гэдгийг нийслэлийн иргэдэд хандан илэрхийллээ.    

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.