Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу 30 гаруй пуужин харважээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Иракийн нийслэл Багдад хотын ойролцоох АНУ-ын цэрэг байрладаг баазад пуужингийн халдлага болсон байна.

Нийтдээ 33 ширхэг катюша төрлийн пуужин Кэмп Тажи цэргийн баазын газарт туссан тухай Иракийн батлан хамгаалах яам мэдээлжээ.

Цохилтын улмаас хүний амь хохироогүй ч Иракийн агаарын хүчний тодорхой тооны алба хаагчид шархдсан тухай мэдээлсэн байна. Халдлагын хохирлыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа гэнэ.

Иракийн тусгай хүчнийхэн сүүлд пуужин харвасан газрыг олж, тэндээс долоон ширхэг катюша харвагч, 24 пуужин олсноо мэдээлжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт мөн Кэмп Тажи баазад катюшагийн 18 пуужин тусах үеэр Америкийн 2, Британийн нэг иргэн алагдсан юм.

Маргааш нь буюу Пүрэв гарагт АНУ-ын арми Ирак дахь Ираны талыг баримтлагч Катайб Хезболлах зэвсэгт бүлгийн байрлалд агаараас цохилт өгсөн байна.

Долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр удаа болсон пуужингийн халдлагыг одоогоор хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа юм. 

Дээр дурдсан Катайб Хезболлах бүлэг эхний халдлагыг сайшаасан мэдэгдэл гаргаж байсан ч өөрсдөө үйлдсэнийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Эхний халдлагын дараа АНУ-ын арми хариу агаарын цохилт хийснийг Иракийн засгийн газар шүүмжилж байсан юм. Тэгвэл Бямба гарагийн халдлагад хариу цохилт өгөх бол өмнө нь зөвшөөрөл авах хэрэгтэйг Багдадын эрх баригчид АНУ-ын талд өчигдөр анхааруулжээ. Нэгдсэн бодлогогүй хариу байлдааны ажиллагаа явуулбал дотоодын зөрчлийг улам хурцатгах аюултай гэж Иракийн тал болгоомжилж байна.

 

Эх сурвалж: DPA