Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Хятадаас бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хаах шийдвэр гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хятадын эх газраас гадна орших бүх дэлгүүрүүдээ гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хааж байгаагаа Apple компани өчигдөр зарлажээ. Энэ нь Covid-19 тахлын дэгдэлтийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ юм байна.

Коронавирусийн дэгдэлт буурч байгаатай холбогдуулан тус компани өнгөрч буй долоо хоногт Хятадын эх газарт оршдог 42 дэлгүүрээ нээж, хэвийн ажиллагаанд шилжүүлсэн юм.

Тэгвэл энэ алхамтай зэрэгцүүлэн дэлхийн бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хугацаагаар хааж байна. Covid-19 вирусийн тархалтын оргил үе Хятадад өндөрлөж, бусад улс орон, бүс нутагт тахлын голомт шилжсэн нь энэ шийдвэрээс харагдаж байгаа юм.

Дэлгүүрүүд хаагдсан хугацаанд Apple-ийн үндсэн ажилтнууд цалингаа хэвээр авах бөгөөд онлайн худалдаа нь хэвийн үргэлжлэх гэнэ.

Apple компаниас коронавирусийн тархалттай тэмцэх үйлсэд хандивласан мөнгөний хэмжээ $15 сая хүрээд байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өнгөрсөн Баасан гарагт мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.