Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Орон гэр, ажлын байр, нүхэн жорлон, орц зэргийг хэрхэн халдваргүйжүүлэх вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 14
iKon.MN

COVID 19-ийн халдвараас сэргийлж орон гэр, орц, ажлын байраа хэрхэн халдваргүйжүүлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал, доктор Б.Амгаланбаяр зөвлөгөө өгч байна.

/2020.03.14 19:20 цаг/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/862379007558225/

Тэрбээр дараах зөвлөгөөг өглөө.



Орон гэртээ хийх халдваргүйжүүлэлт

Халдваргүйжүүлэлт энгийн цэвэрлэгээнээс эхэлдэг. Хувь хүн өөрөө цэвэрхэн байхаас авхуулаад гэр орон, ажлын байраа цэвэрхэн байлгавал халдвараас хамгаалах хамгийн энгийн арга.

Аяга, таваг угаагч шингэн өөрийн гэсэн халдваргүйжүүлэгч бодис бага хэмжээгээр агуулсан байдаг. Иймд аяга таваг угаагчаар угаагаад усаар сайн зайлах хэрэгтэй. Мөн хүн болгон өөрийн гэсэн аяга, таваг, халбагатай байх нь хамгийн чухал.

Хатуу гадаргуу дээр байнгын тоосжилт, бохирдол үүсэж байдаг. Хүн өдөр болгон хатуу гадаргуутай харьцаж байна. Тухайлбал, ширээ, хаалганы бариул, гар утас, ТВ-ийн удирдлага, гэрлийн унтраалга, шал, хана гэх мэт. 

Гэрт байгаа эдгээрийг халдваргүйжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь белизнатай усаар арчиж цэвэрлэх. Өдөрт тогтмол цэвэрлэгээ хийнэ.

Нэг литр усанд 15-20 миллитр орчим белизна байхаар тооцоолж уусмалаа бэлдэнэ. Цэвэрлэгээ хийхдээ резинэн бээлий хэрэглэж байх нь зүйтэй.

Угаалгын өрөө, 00-ын өрөөг мөн л адил белизнатай усаараа цэвэрлэнэ. Их цэвэрлэгээг өдөрт 1 л удаа хийнэ. Харин бохирдвол тухай бүрт нь цэвэрлэнэ.

Халдвар бүртгэгдвэл мэргэжлийн байгууллагууд ариутгал хийдэг.

Голомтын үед хамгаалалтын хувцастай халдваргүйжүүлэлт хийж байгаа мэргэжлийн хүмүүсээр гэртээ ариутгал хийлгэх гээд байдаг. Үүнийг гэртээ хийлгэх хэрэггүй. Хэрэв өвчлөл гарчихвал хийдэг. Бодисуудыг аваад гэртээ дур мэдэж хэрэглээд байна. Энэ маш аюултай. Хүүхэд, хэт мэдрэг, өндөр настай иргэд харшил авдаг.

Тухайлбал жавилинийг их л хийвэл сайн гээд хийгээд байна. Энэ нь халдваргүйжүүлэхээсээ эс өөрсдийгөө хордуулах эрсдэлтэй.

Нүхэн жорлонг халдваргүйжүүлэх

Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх, гадаах хогийн савыг дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд 3 сард нэг удаа халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж байдаг.

Эдгээрийг халдваргүйжүүлэхдээ хлорийн шохойг 1 литр усанд 400 грамм байхаар найруулаад нүхэн жорлон, муу усны нүхний бохир харагдах хэсгийг далд ортол уусмалаа хийж өгнө.

Гэссэн тохиолдолд халуун үнс, үртэс хийгээд халдваргүйжүүлж болно. 

Гэртээ болон өрөө тасалгаандаа цэвэрлэгээ хийсний дараа 2 цаг тутамд 10 минут салхивчаа онгойлгосноор агаар цэвэршиж байдаг.

Нийтийн тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх

Нийтийн тээврийн хэрэгсэлд өглөө үйлчилгээнд гарахаас өмнө заавал халдваргүйжүүлэлт хийнэ. Жавилин зэрэг уусмалаар тогтмол цэвэрлэгээ хийж байгаа бид хамтраад. Жолооны хүрд, зорчигчдийн бариул, шал, тааз, суудал зэргийг энгийн цэвэрлэгээний бодисоор цэвэрлээд дараа нь халдваргүйжүүлнэ. Халдваргүйжүүлэгч бодис хийсний дараа 30 минутаас нэг цаг орчим байлгасны дараа агааржуулалт хийнэ. Халдваргүйжүүлэгч бодисоос харшил авах магадлалтай байдаг. Ингээд агааржуулалт оруулсны дараа үйлчилгээнд гаргаж байх жишээтэй.

Ажлын байр, нийтийн аж ахуйн орон сууцанд хийх цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт

Ажилтан бүр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө оффисд сууж байгаа бол компьютер, автобусны жолооч гэхэд жолооны хүрдээ цэвэрлэж халдваргүйжүүлэх хэрэгтэй.

Ингэхдээ энгийн спиртэн суурьт нэгдлээр гар утас, нотебүүкээ цэвэрлэж болно. Мөн нойтон салфеткаар эсвэл тусгайлсан алчуураар цэвэрлэж, халдваргүйжүүлж болно.

Орон сууцны орц, цахилгаан шат зэрэгт белизна, угаалгын нунтаг зэрэг бодисоо ашиглаж болно гэдэг зөвлөгөөг өгч байгаа.

Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа хүн байхгүй үед халдваргүйжүүлж болно.

Цахилгаан шатны кнопуудыг байнга нойтон салфетка юмуу гар ариутгагч бодисоор арчиж, цэвэрлэж байх хэрэгтэй. Бээлий хэрэглэхийг зөвлөж байгаа.

Бохирдсон гадаргуутай гараа шүргэлцээд гараа ам, хамрандаа хүргэснээс болж энэ халдвар тархаж байна 
ДЭМБ-ын судалгаагаар хүн өдөрт санаандгүйгээр 40-50 удаа нүүр амандаа гараа хүргэдэг байна. Коронавируст халдварын үүсгэгчээр бохирдсон гадаргуутай гараа шүргэлцээд гараа ам, хамрандаа хүргэснээс болж энэ халдвар тархаж байна гэсэн судалгаанууд байна. Иймд гараа цэвэр байлгах нь хамгийн чухал.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.