Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнэ Монголд дөрөвдүгээр сарын дунд үеэс БУУРНА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засаг удааширч улмаар газрын тосны үнэ 1-р сараас унаж эхэлсэн. Үүнийг саармагжуулах зорилгоор OПЕК болон ОХУ нийлүүлэлтээ танах шийдэлд хүрч чадаагүйн улмаас газрын тосны үнийн дайн дэгдээд буй. Саудын Араб газрын тосны үнээ бууруулж, нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэж мэдээлснээр гуравдугаар сарын 9-нд газрын тосны үнэ өдрийн дотор 30 гаруй хувиар буурсан нь 1991 оноос хойш үзэгдээгүй явдал аж. Энэ нь олон улсын ханшаар шатахууны импортолдог болсон Монгол Улсын хувьд бензиний үнэ буурах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. 

Гэвч өнөөдөр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 30 ам.доллар боллоо гээд Монгол Улс маргаашнаас шатахууныхаа үнийг 1,700 төгрөг рүү оруулаад бууруулчих боломж байхгүй. Яагаад гэвэл манай улс энэ бүтээгдэхүүнийг 100% импортолдог бөгөөд сарын өмнө захиалгаа өгч, мөнгөө төлдөг. Тиймээс ирэх сард шатахуунаа хэдээр авах үнэ энэ долоо хоногт л тодорхой болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хямдарсан үнээр захиалах боломж одоо бүрдсэнээр бид дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлээд тодорхой хэмжээнд буурсан үнээр бензинээ худалдан авах таатай нөхцөл бүрдэх нь. 

Тодорхой хэмжээнд гэж байгаагийн учир нь шатахуун импортлоход дэлхийн зах зээлийн ханшаас гадна төгрөгийн ханш нөлөөлдөг болохыг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 100 төгрөгөөр нэмэгдэхэд шатахууны үнэ литр тутамдаа 70 төгрөгөөр нэмэгддэг гэдгийг мартаж болохгүй. 

Монголчууд шууд хямд үнээр шатахуунаа авч чадахгүйд хүргэдэг бас нэг шалтгаан бий. Энэ бол манай улсын шатахууны нөөц. Нэгэнт бид 100 хувь гаднаас худалдан авдаг тул стратегийн энэ бүтээгдэхүүнээ дор хаяж нэг сараар нөөцлөхийг импортлогч компаниудад үүрэг болгодог. Тиймээс буураагүй байх үеийн өмнөх үнээр авсан шатахуунаа тэр үнээр нь зарж дуусгах нь зах зээлийн дүрэм. Гуравдугаар сарын 3-ны байдлаар 188,000 тонн буюу 42 хоногийн нөөц байгаа гэсэн тооцоо байна. 

2020 оны гуравдугаар сарын 1-нээс 25-ны Сингапур дахь биржийн үнийн дунджаар манай компаниуд дөрөвдүгээр сарын захиалгаа хийнэ. Тэгэхээр дөрөвдүгээр сарын дундаас эхлэн уг үнээр шатахуун Монголд орж ирснээр одоо байгаа болон замд яваа шатахууны нөөцийн өртгийг бууруулж эхэлнэ гэсэн үг.  Хуучин үнэтэй үнээр орж ирсэн шатахууныг манай улс тавдугаар сарын дунд үе хүртэл хэрэглэнэ гэж ойлгож болно.

Харин дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ гуравдугаар сарын 9-ний өдрөөс огцом унаж эхэлсэн. Газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох ОПЕК-ийн хайгуулаа бууруулах тухай хэлэлцээг ОХУ дэмжээгүйгээс Саудын Араб үнээ буулгах шийдвэр гаргаснаар 25% буурч эхэлсэн энэхүү бүтээгдэхүүний үнийн уналт 145 оронд тархаад буй шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор гаргаж буй томоохон гүрнүүдийн шийдвэрийн нөлөөгөөр улам унаж байна. 

Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл монголчуудад хямд үнээр шатахуун авах боломж нэмэгдсээр байх болно. Гэвч дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өөрчлөлтийн нөлөөлөл Монгол Улсад сарын дараачаас үйлчилж эхэлдгийг дахин сануулъя.  

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.