Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Франц иргэний хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариу халдваргүй гарсан хэдий ч 14 хоног тусгаарлана"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Франц иргэний нэг, хоёрдугаар хавьтал 200 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Тэдгээр иргэдийг дотор нь нарийн ангилж хуваасан мэдээлэл байгаа юу?, Мөн оношлуурын нөөц хэр хэмжээтэй байгаа вэ?

Д.Нямхүү: Хавьтал болсон хүмүүсийг задалж хэлбэл маш их юм ярина. Мэргэжлийн төвшиндөө маш чухал уулзалтууд хийгдээд явж байгаа.

Оношлуурын хувьд хангалттай байгаа. Нэмээд мөн захиалчихсан байгаа учраас үүнд санаа зовох асуудал байхгүй. Оношлуурын боломж нөөцийг хангах ажлыг эхнээс нь маш сайн зохион байгуулан ажиллаж, үүнд гол анхаарлаа хандуулж байгаа.

Түргэвчилсэн оношлуур бас ирсэн. Хариу нь 20 минутын дотор гардаг уг тест үр дүнгээ өгөх боловч эцсийн баталгаатай хариуг лабораторид 24 цагийн хугацаанд гаргадаг төхөөрөмжөөрөө хийнэ. Түргэвчилсэн тест цусанд шинжилгээ хийдэг. Гэхдээ хоолой, хамрын арчдасын шинжилгээ маш чухал.

Д.Нарангэрэл: Өвчтний нууцтай холбоотой мөн тархвар судлалын тандалт хийж байгаа мэдээллийг тэр болгон мэдээлээд байдаггүй. Олон тандалт судалгаа байдаг. Гэхдээ Франц иргэнтэй холбоотой бүх хавьтлуудыг илрүүлж, шинжилгээ авсан. Тэндээс үлдсэн байх вий гэж айж эмээх зүйл байхгүй.

-Цаг уурын нөхцөл байдал вирусийн тархалтад нөлөөлж байгаа талаар мэдээллүүд гарсан байна. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байна уу?

Д.Нарангэрэл: Цаг уурын асуудалтай холбоотой мэдээлэл ДЭМБ-ын зөвлөмжид байхгүй. 14 хоногийн өмнө ДЭМБ-аас ирсэн мэдээлэлд "цаг уурын нөхцөл байдал уг өвчний өвчлөлд  нөлөөлсөн гэсэн үндэслэлтэй судалгаа алга байна" гэсэн зүйл байсан. Өчигдрөөс энд тэндхийн судлаачдын судалгааны материал нийтлэгдсэн байна. Энэ мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй гэж баталгаажиж бидэнд ирээгүй.

-Франц иргэний хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсантай холбогдуулан тэдгээр иргэдийг тусгаарлалтаас гаргах уу?

Д.Нямхүү: Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан хэдий ч 14 хоногийн тусгаарлалт үргэлжилнэ. 14 хоног тусгаарлах нь ДЭМБ-аас зөвлөж бусад улс оронд ч мөрдөгдөж байгаа дүрэм.

Лабораторид PCRM төхөөрөмжөөр уншигдаад гарсан шинжилгээний хариу хамгийн баталгаатай дахин хийх шаардлагагүй. Гэхдээ бид өөрсдөө зөвлөлдөөд тодорхой хугацааны дараа давтан хийх тактик хэрэглэж байгаа.

Франц иргэнд давтан шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон. Эмчилгээгээ үргэжлүүлж байгаа. Тухайн иргэн ар гэрийнхэн болон ЭСЯ-тайгаа холбогдсон. Тэгээд “Франц явахгүй. Эндээ эмчлүүлмээр байна” гэдгээ хэлсэн. Сэтгэл санаа нь тайван бидний эмчилгээнд итгэж байгаагаа илэрхийлж байгаа нь эмч нарт маань урам өгч байна. Эмчилгээ зөв хийгдэж байгаа учраас биеийн байдал нь хэвийн байгаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.