Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх саруудад COVID 19-ийн тохиолдол, нас баралт болон халдвар бүртгэгдсэн улсын тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ үзэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Ирэх саруудад COVID 19-ийн тохиолдол, нас баралт болон халдвар бүртгэгдсэн улсын тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ үзэж байна"
Sara, ikon.mn - text to speech

ДЭМБ-ын гуравдугаар сарын 12-ны мэдээллээр COVID-19 халдвар 122 улсад 125,048 тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэлэхдээ “2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн улс оронд тус өвчний нийт 125,048 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 321 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4,612 болжээ.

Шинээр дөрвөн улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 93 хувийг Иран, Итали, Солонгос, Хятад улс эзэлж байна.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр хийсэн мэдээлэлдээ сүүлийн тав хоногийн хугацаанд тус улсад шинэ тохиолдлын тоо 50-иас цөөн гарсан нь БНХАУ-д COVID-19-ийн дэгдэлтийн оргил үе өнгөрсөн болохыг мэдэгдсэн.

Гэхдээ цаашдаа ДЭМБ болон бусад орнуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.

Харин БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын тоо тогтвортой буурч байгаа бөгөөд өмнө нь хоногт 500-1,000 тохиолдол бүртгэгддэг байсан бол сүүлд 110 тохиолдол бүртгэгджээ.

Италид 312 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Иран улсад 958 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

COVID-19 халдвар анх мэдээлэгдсэнээс хойш манай улсын ЭМЯ-наас ДЭМБ-ын гаргасан 12 чиглэлийн 20-иод удирдамжийг баталж хэрэгжүүлээд буй.

Ирэх долоо хоног, ирэх саруудад COVID-19 тохиолдлын тоо болон нас баралтын тоо, халдвар бүртгэгдсэн улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна.

Хамгийн гол нь анхны тохиолдол бүртгэгдэх, голомтлон гарах, хүн амын дунд халдвар тархах зэрэг үе шатуудад эмчилгээ болон эмнэлзүйн менежмент, халдвар тархахаас сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах нь чухал юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "ДЭМБ-аас долоо хоногт хоёр удаа 30 орны эмч нартай сошиалоор холбогдож, эмчилгээнд тулгарч буй асуудлаа хамтран шийдвэрлэж байна. Манай эмч нар мөн тус өвчний анхны тохиолдлоо хэрхэн эмчлэх тал дээр мэргэжилтнүүдтэй холбогдож ажиллах хүсэлтээ гаргаад байна” гэлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.