Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
"Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр “ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байгаа" талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв.

"БНХАУ-ын ЭМБ-ын төлөөллүүд бөөнөөрөө цуглахаас сэргийлэх мэдээлэл өгсөн"

Тэрбээр хэлэхдээ "ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байна. Бид зөвлөх эмч нартайгаа холбогдож, эмчилгээнд нь байнгын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай дүрс оношилгоо, зүрх судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллаж байна.

Түүнээс гадна бид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 1,273 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авахад онош нь үгүйсгэгдсэн.

Өчигдрийн мэдээллээр Ховд аймгийн Булган суманд гурван иргэнийг тусгаарлалтад оруулж, ажиглалтад авсан. Тухайн иргэдийн биеийн байдал сайн байгаагаас гадна тэд эх орондоо ирсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн Дархан-Уул аймгийн хилээр 10 иргэн орж ирсэн. Тэдгээр иргэнээс Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжсан 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 ирсэн бөгөөд Шанхай болон Германаас Москвагаар дамжиж 2 иргэн ирсэн. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна. Ингээд Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагджээ" гэв.

Үргэлжлүүлэн "Засгийн газраас гаргасан 77 дугаар тогтоолоор шийдсэн хөрөнгөөр тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа бүрэн хийгдэн явж байна. Эрүүл мэндийн яамнаас нийт 160 төрлийн цуврал инфографик, 64 төрлийн дүрс видеог цацсан бөгөөд ээлжит хэвлэлийн хурлаа 58 удаа зохион байгуулаад байна.

Мөн өчигдөр бид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хамтран зохион байгуулсан цахим хуралд оролцсон.

БНХАУ -ын хувьд яг л бидэнтэй адил урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний гэсэн хоёр чиглэлд анхааран ажиллаж буй.

Тэд эв нэгдэлтэй, зохион байгуулалттайгаар халдварын эсрэг тэмцэж байгаагаас гадна халдвар авсан иргэдээ сэтгэл санаагаар унагахгүйгээр дэмжиж ажилласны үр дүнд тархалтыг хязгаарлаж чадаж байна хэмээн мэдэгдсэн.

Тэдний мэдээлж байгаагаар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн болон дунд зэргээр өвчилсөн бол 15 хувь нь хүндээр, таван хувь нь маш хүндээр өвчилсөн гэсэн. Мөн аль болох бөөнөөрөө цуглахаас сэргийлж байна гэсэн мэдээлэл өгсөн.

Бусад улсын төлөөллүүд ч ярихдаа иргэд сандарч, эмнэлэг рүү бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл бий болгохоос гадна тухайн эмнэлгийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахад хүргэх эрсдэлтэйг сургамжилж байна.

Бид эмнэлгийн бэлэн байдлыг хангах болон хэрвээ тохиолдол иргэдийн дунд гарвал хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлэх тал дээр бэлтгэл хангаж байна" хэмээн нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.