Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмыг хойшлуулахыг уриалсан анхны төрийн тэргүүн Дональд Трамп болов

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Токио 2020 наадмыг хойшлуулахыг уриалсан анхны төрийн тэргүүн Дональд Трамп болов
Sara, ikon.mn - text to speech

Энэ зун Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах зуны олимпийн наадмыг коронавирусийн аюултай холбоотойгоор хойшлуулах тухай санал гаргасан анхны төрийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп боллоо.

Ингэснээр тэр АНУ-ын чухал холбоотон Япон улс, дотны найз ерөнхий сайд Абэ Шинзогийн хичээл зүтгэлд том цохилт өгч байгаа юм. 

Өчигдөр Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Магадгүй олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулсан нь дээр байх” гэж хэлжээ.

Өчигдөр Грекийн Олимпиа уулын сүмийн дэргэд эртний Грекийн өмсгөлтэй жүжигчин бүсгүйчүүд Токио 2020 наадмын бамбарын галыг асаах ёслол болсон юм.

“Хоосон цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн уралдаан зохион байгуулснаас хойшлуулсан нь илүү дээр гэж би бодож байна” гэж Дональд Трамп өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Хэдийгээр Covid-19 вирусийн өвчлөл дэлхийн эдийн засаг, аялал жуулчлалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлээд эхэлсэн ч Токио 2020 наадмыг зохион байгуулагчид дөрвөн жил тутмын спортын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны хооронд болно гэж мэдэгдсээр байгаа.

Олон Улсын Олимпийн Хороо ч наадмыг цуцлах, хойшлуулах талаар огт яригдаагүй байгааг мэдэгдсэн юм.

Гэхдээ Дональд Трамп олимпийн наадмын бэлтгэлийг магтан сайшааж, Япон улс зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Би үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсныг та бүхэн мэдэх байх. Япончуудын бүтээн байгуулалтыг хараад би ичсэн. Тэд үнэхээр сайхан зүйлсийг босгож байгаа” гэж Трамп магтсан байна.

Тэр бас япончуудыг “Тэд маш ухаантай хүмүүс. Зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлээд дотны найз Абэ Шинзод сайн сайхныг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.