Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн дэгдэлтэд газар зүйн байрлал нөлөөлж байгаа эсэхийг эрдэмтэд судалж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Коронавирусийн дэгдэлтэд газар зүйн байрлал нөлөөлж байгаа эсэхийг эрдэмтэд судалж байна
Sara, ikon.mn - text to speech

Дэлхий даяар 125,000 орчим хүнд халдварлаад байгаа шинэ төрлийн коронавирусийн амьдрах таатай нөхцөл дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн дагуу “зурвас”-т байж болзошгүй гэсэн таамгийг хэсэг эрдэмтэд дэвшүүлжээ.

Хэдийгээр Хятадтай ойр байрлалтай, хэлхээ холбоо сайтай ч зүүн өмнөд Азийн орнуудад Covid-19 өвчний тархалт харьцангуй бага байгаа. Харин дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн Өмнөд Солонгос, Япон, Иран улсууд, Хятадын Хубэй муж, Италийн умард бүс нутаг, АНУ-ын хойд мужуудад халдварын дэгдэлт өндөр байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татжээ.

Тодруулбал хойд өргөрөгийн 30-50 хэмийн завсарт эдгээр улс орнууд, бүс нутгууд багтаж байгааг АНУ, Ираны судлаачид ажигласан байна.

Судалгааны тайлан энэ долоо хоногт Social Science Research Network шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэж, бусад эрдэмтэн мэргэдийн санал дүгнэлтийг сонсож байгаа юм.

Эндээс шинэ коронавирус нь тодорхой температур, агаарын чийгшилтэй орчинд амьдрах чадвар сайтай байж болзошгүй гэсэн таамаг гарсан байна.

Өмнө нь Хятадын Гуанжоу хотын Сун Ят Сений их сургуулийн судлаачид Covid-19 өвчний вирус нь цаг уурын нөхцөлд мэдрэмтгий, хамгийн тохиромжтой агаарын хэм нь Цельсийн +8.72 хэм орчим гэж тооцоолж байжээ.

Энэ нь Америк-Ираны судлаачдын таамагтай нийцэж байгаа юм. Тэдний ахлагч Балтимор дахь Мэрилэндийн Анагаах Ухаааны их сургуулийн профессор Мохаммад Сажади өнөөдөр коронавирусийн дэгдэлт хамгийн өндөр байгаа бүс нутгуудын агаарын температур Цельсийн 5-11 хэм, агаарын чийгшил 47-79 хувьтай байгааг хэлсэн байна.

Одоогоор тэгээс доош хэмийн агаарын температуртай хотуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг тэд баталжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.