Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр 08:00 цагийн байдлаар нийслэлийн найман товчоогоор зорчсон 7,901 иргэн хяналтад хамрагдсан. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 12-ны 08:00 цагийн байдлаар нийслэлийн найман товчоогоор нийт 2,846 тээврийн хэрэгсэл, 7,901 зорчигч хяналт, тандалтад хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" хэмээн НЭМГ-ын ахлах мэргэжилтэн н.Баатарсүх өнөөдөр мэдээлэв.

Мөн тэрбээр хот хоорондын "Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар нийт хяналтын найман цэг дээр эрүүл мэнд, цагдаа, хүчний байгууллагын нийт 119  ажилтан, алба хаагч ажиллаж байна.

Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд хоёр талдаа хяналт тавин ажиллаж байна. Иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж холбогдох асуумж бөглүүлж, зөвлөмж тараан ажиллаж байгаа" хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн 92,008 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2,185 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 2.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийт өвчлөгчдийн 34.1 хувийг 0-1, 25.3 хувийг 2-4, 14.2 хувийг 5-9, долоон хувийг 10-15 насны хүүхдүүд тус бүр эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн тусламжийн нийт 527 дуудлага ирснээс 31.7 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байлаа.

Түүнчлэн 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд нийт 366 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 70.5 хувь нь амьсгалын замын өвчнөөр өвдсөн" гэдгийг нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.