Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
00:00 00:00
С.Даваасүрэн: Угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэж байна
Sara, ikon.mn - text to speech

Сүүлийн өдрүүдэд угаарын хордлогын дуудлага нэмэгдсэн гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

"Айл өрхүүд угаар мэдрэгчээ унтрааж болохгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn /2020.03.05-ны зургийг ашиглав/

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд угаарын хийн хордлогоор нийт 12 өрхийн 35 хүн хөнгөн хэлбэрээр өртжээ. Сүүлийн үед агаарын температур өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор өрх, айлууд зуух, яндангийнхаа аюулгүй байдлыг нягтлах хэрэгтэй. Үгүй бол утаа эргэж, орох асуудал үүсэж, угаарын дуудлага нэмэгдсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн Мягмар гарагт буюу гуравдугаар сарын 10-ны өдөр угаар мэдрэгчээ салгаж, тавьснаас болж угаарын хийнд хордсон тохиолдол гарсан. Сүүлийн үед угаар мэдрэгчээ унтрааж орхисон тохиолдлууд маш их гарч байгаа бөгөөд үүнээс болж хүний амь эрсэдсэн тохиолдол ч гарсан.

Тиймээс иргэддээ дахин, дахин сануулахад угаар мэдрэгчээ битгий унтраагаач гэж хэлмээр байна.

Үүнээс хойш дахиад ч дулаарна. Хаврын улиралд салхи шуурга нэмэгдээд ирэхээр угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэж болзошгүй хандлага үүсэж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор товчоодод албаны хүмүүс байнга хяналт шалгалт, үзлэг хийж байгаа. Энэ үзлэг, хяналт шалгалтын хажуугаар иргэд түүхий нүүрс хот руу тээвэрлэж оруулж ирэхийг завдсан.

Тухайлбал, Гүнтийн постоор 50 кг, Гацууртаар 2.4 тонн гэх мэт үйлдлүүд гарсан” гэдгийг нэмж хэллээ.

"Агаарын температур өөрчлөгдөхийн хэрээр яндангийн утаа татах хэмжээ нь багасдаг"

Түүнчлэн НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар угаарын хордлоготой холбоотойгоор "Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа учраас айл өрхүүд яндангаа хөөлөх, агаарын сэлгэлтээ сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Хавар, намрын улиралд агаарын температур өглөө, оройдоо өөрчлөгдөхийн хэрээр яндангийн утаа татах хэмжээ нь дагаад өөрчлөгддөг асуудал үүсдэг" хэмээн онцлов.

"Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой"

 
Гэрэл зургийг Mpa.mn /2020.03.05-ны зургийг ашиглав/

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр Агаарын чанарын индексийн үзүүлэлтээр агаарын чанар бага бохирдолтой, бохирдолтой гэсэн түвшинд байсан бол энэ оны гуравдугаар сарын эхээр цэвэр, хэвийн, зарим хэсгүүдээр бага бохирдолтой байна.

Түүнчлэн PM10 тоосонцрын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар, PM2.5 тоосонцор 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэв.

Мөн тэрбээр, “Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой. Хэрвээ лааны дөл хөдөлгөөнтэй байвал яндангийн таталт сайн байгаа гэсэн үг.

Байшинтай айлуудын яндангийн өндөр нь шувуун нуруунаас дор хаяж 50 сантиметрээс багагүй байх ёстой. Хэрвээ бага байвал яндангийн утаа таталтад сөргөөр нөлөөлж, угаар үүсэх нөхцлийг бий болгодог.

Дулаарах тусам айл, өрхүүдийн галлагааны тоо багасдаг. Зуухыг удаан хугацаагаар галлахгүй байж байгаад галласан тохиолдолд зуухандаа эхлээд цаас модыг хийж шатаасны дараа түлшээ хийх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.