Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19: Ажлын өрөөгөө хэрхэн цэвэр, аюулгүй байлгах вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "цар тахал" ангилалд оруулсан COVID-19 халдвараас ажлын орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах тухай зөвлөгөөг хүргэж байна. 

Ажлын орчинд компьютерын гар, лифтний товчлуур, нийт дундаа хэрэглэдэг хөргөгч, богино долгионы зуухны бариул гэх мэт оффист өргөн хэрэглэгддэг зүйлсийн гадаргууд олон төрлийн нян, вирус байдаг. COVID-19 нь халдвартай хүний хүрсэн зүйлсээр дамжих магадлалтай нь тогтоогдсон учир эдгээрийг ариутгах, халдваргүйжүүлэх нь хамгаас чухал юм.

Компьютерын гар

Ажлаа эхлэхээс өмнө ширээ, компьютерын гар, хулгана, утас болон хүмүүсийн хамгийн их хүрдэг зүйлсийг ариутгалын бодисоор арчин халдваргүйжүүлэх хэрэгтэй.

Гараа сайн угаах

Хоол идэхээс өмнө ба дараа, хаалганы бариулд хүрсний дараа, нусаа нийсний дараагаар гараа заавал угаах хэрэгтэй. Ингэхдээ 20-оос дээш секундын хугацаанд савандаж, сайтар угаагаарай.

Ухаалаг утсаа цэвэрлэ

Гараа сайтар угаасан ч утас чинь бохир байвал үр дүнд төдийлөн хүрэхгүй. Тиймээс утасны дэлгэц, ар хэсгийг цэвэрлэхдээ ариутгалын бодис шингээсэн алчуур хэрэглээрэй.

Гараа ариутгасны дараа угаах нь хамгийн сайн арга

Гараа савангаар угаах боломжгүй бол 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэвч ариутгагч нь нүдэнд харагдах бохирдлыг арилгахгүй тул ариутгагч хэрэглэсний дараа ч гараа савандаж угаах нь хамгийн найдвартай арга гэдгийг сануулъя.

Гар барихаас зайлсхийх

Халдварт өвчний үед шаардлагагүй бол хүний биед хүрэхгүй байх нь зөв. Гар барихын оронд гараа даллах эсвэл мэнд мэдэхдээ эрхий хуруугаа өргөж болох юм.

Цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгахын ялгаа

Эдгээрийн ялгааг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хэрхэн тайлбарласныг хүргэе.

Цэвэрлэх: Ус, савангаар юмсын гадаргууг цэвэрлэх нь тоосыг арилгаж, нянгийн тоог цөөлөх ч бүрэн устгаж чаддаггүй. Тиймээс цэвэрлэгээ хийсний дараа халдваргүйтгэл хийхийг санал болгож байна.

Халдваргүйтгэл: Гадаргуу дээрх нянг устгадаг. Халдваргүйжүүлэх химийн бодис нь саванг бодвол хүчтэй үр нөлөөг үзүүлдэг. Халдваргүйтгэл хийсний дараагаар дахин цэвэрлэгээ хийх шаардлагагүй. Учир нь халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу дээр дунджаар 3-5 минут байх ёстой.

Ариутгал: Нянг устгадаг ч халдваргүйтгэлийг бодвол үр дүн нь арай бага. Гэхдээ ариутгах нь халдвар авах эрсдлийг бууруулж чадна.

 

Эх сурвалж: CNN

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.