Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭМБ-аас эрсдэлт бүлэгт 60-аас дээш насныхныг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш болголоо"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/205169773874682/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн 00:25 цагт шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж ДЭМБ-аас зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугцаанд дөрвөн цар тахал гарсан. Сүүлийнх нь 2011 онд гараад байсан.

Энэ удаагийн цар тахал коронавирусээр үүсгэгдэж байгаа анхны цар тахал бөгөөд хяналтад авч чадсан гэдгээрээ онцлог байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд энэ өвчний эсрэг тэмцэлд нэгдэн оролцоно.

Иргэд маань хэтэрхий их айдас, түгшүүрт автан дархлаагаа сулруулж болохгүй. Мөн цуурхал, худал мэдээлэлд битгий итгээрэй.

ДЭМБ-аас эрсдэлт бүлгийг 60-аас дээш насныхныг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна. Энэ мэтээр нөхцөл байдал өдөр тутам өөрчлөгдөж байгааг хэлмээр байна” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 10-ны байдлаар  дэлхийн 117 улсад нийт 118,326  тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт нас баралтын тоо 4,292 болсон.  

БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн. БНСУ-д 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан. Италид 977  тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 10,149 боллоо. Иранд 8,042 нийт тохиолдол болж нас баралт 30 болсон байна.

Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж буй халдвар 13 хувиар нэмэгдэж, халдвар гарч буй улсуудын тоо гурав дахин нэмэгдлээ.

Ирэх долоо хоногт тохиолдол нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна.  

ДЭМБ-ын ерөнхий захирал зарим улс орнууд халдварыг тогтворжуулах арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Иймд COVID-19 халдварыг цар тахал гэж тодорхойлсон.

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад яаралтай хариу арга хэмжээг өдөр тутамд шийдэмгий авахыг сануулсаар байна. Дэлхийн 81 улсад халдвар бүртгэгдээгүй байна. Цар тахлын явцад үйл явдлыг өөрчилж болохыг ДЭМБ-аас давтан мэдэгдсээр байгаа" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.