Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн дэгдэлт “цар тахал” болсныг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн дэгдэлт “цар тахал” болсныг зарлалаа
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн 114 улсад тархаж, 120,000 орчим хүнийг өвчлүүлээд байгаа шинэ коронавирусийн дэгдэлтийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) албан ёсоор “цар тахал” ангилалд оруулснаа өнгөрсөн шөнө зарлажээ. Ингэснээр Covid-19 вирусээр халдварладаг өвчин нь дэлхий нийтийн аюул болсныг хүлээн зөвшөөрч байгаа юм.

“Өдөр бүр, долоо хоног бүр халдварын тоо, эндэгдлийн тоо, шинээр тархсан орнуудын тоо өсөж байгааг бид харж байна. Тиймээс бид Covid-19 вирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байна” гэж Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Covid-19 вирусийн 118,000 халдварын тохиолдол дэлхийн 114 улсад бүртгэгдээд байна. Тэдгээрийн 90 гаруй хувь нь дөрөвхөн улсад оногдож байгаа юм. Тэдгээрээс Хятад болон Өмнөд Солонгос улсуудад халдварын тархалт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байна. Дэлхийн 81 улсад халдвар бүртгэгдээгүй байгаа бол 57 улсад 10-аас цөөн тооны халдвар илэрчээ” гээд дэлхийн бүх улс орнуудад хандаж, тархалтыг зогсоох хүчин чармайлтаа сааруулахгүй байхыг уриалсан байна.

Коронавирусийн гамшиг дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэлсэн тул улс орнуудын засгийн газрууд эдийн засгаа аврах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар өнөөдөр 21:00 цагт коронавирусийн гамшгийн эсрэг авах арга хэмжээгээ нийтэд танилцуулахаар болжээ.

Их Британийн засгийн газар эдийн засгаа тэтгэхэд $39 тэрбумыг зарцуулахаар болсноо зарласан бол тус улсын төв банк бодлогын хүүгээ бууруулсан юм. Германы канцлерь Ангела Меркель эдийн засгаа аврахад шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Европын Төв Банкны удирдлага өнөөдөр ямар арга хэмжээ авах талаараа мэдэгдэл хийхээр болжээ.

ДЭМБ-ын мэдэгдлийн дараахан Энэтхэг улс бүх жуулчны визээ энэ Баасан гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 15 хүртэл цуцалж байгааг зарлаад Мьянмар улстай залгаа хилээ хаасан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.