Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хувийг буурууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зээлийн хүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/192657592151876/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр нэлээд анхаарал тавьсан. ААН-үүдийн өмнө тулгараад байгаа асуудалтай уялдуулаад хүү нь дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа Банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ Засгийн газрын хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. 

Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. 

Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. 

Ингэснээр эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байна.

Төр засгаас явуулж байгаа бодлогыг ойлгохын зэрэгцээ ААН-үүдэд тулгараад байгаа асуудалтай холбоотойгоор Банкны холбооны зүгээ Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогтой уялдуулаад хүүн дээрээ өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан. Энэ нь удахгүй шийдвэр болон гарах байх. Ингэснээр ААН-үүдэд банкны зээлийн хүүтэй холбоотойгоор тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж найдаж байна. 

Мөн СЗХ-ноос тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зээлийг банкуудаас гадна ББСБ-ууд олгодог. Тэдгээр байгууллагуудад янз бүрийн төлбөр, хураамжаа авахгүй байх. Нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа сунгасан зээлүүд дээр авдаг хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар томоохон ББСБ-тай ярилцаж байна. 

Ингэснээр зээл, санхүүтэй холбоотой бодлогууд энэ хямралын үед ААН-үүд дэмжлэг болно гэж үзэж байна. 

Бусад орнуудын төсвийн бодлого дээрээ өөрчлөлт оруулж, эдийн засгаа тэтгэх замаар төсвийн зардлаа нэмэх чиглэлийн бодлого авч хэрэгжүүлж эхэлж байна.

Харин манай улсын хувьд зардал хасах тухай ярьдаг. Би Сангийн сайдын хувиар ийм зүйл хийхгүй. Тэр бодлого маань хэвээр байгаа. Агшиж буй зүйлийг улам танах юм бол эдийн засаг улам борцлогдоно. 

ОУВС-гаас коронавирусийн тархалтын үед улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа бодлогыг судалж, харьцуулсан байсан. Үүн дээр коронавирусийн үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нь цаг үедээ таарсан, зөв хэлбэрийнх гэдэг үнэлэлт өгсөн байсан.