Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Koронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор Нью Йорк мужид цэрэг дайчилж, Трамп шинжилгээ өгөхөөс татгалзав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Koронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор Нью Йорк мужид цэрэг дайчилж, Трамп шинжилгээ өгөхөөс татгалзав
Sara, ikon.mn - text to speech

АНУ-д коронавирусийн дэгдэлтийн хамгийн том голомт болоод байгаа Нью Йорк хот орчимд үндэсний гвардын цэргүүдийг дайчилж ажиллуулах шийдвэрийг Нью Йорк мужийн захирагч өчигдөр гаргажээ.

Нью Йоркийн дагуул хот Нью Рошелд гарсан дэгдэлтийг тогтоон барих төлөвлөгөөний хүрээнд ийм эрс хатуу арга хэмжээ авч байгааг захирагч Эндрью Куомо тайлбарласан байна.

Хэдийгээр АНУ-д сүүлийн өдрүүдэд Covid-19 вирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа ч ерөнхийлөгч Дональд Трамп эрсдлийг үгүйсгэсээр байгаа юм.

Тэрээр саяхан халдвар тээгчтэй ойр харилцсан хоёр ч конгрессийн гишүүнтэй гар барьж, нэг онгоцоор хамт ниссэн нь батлагдсан.

Өчигдөр Вашингтон хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп өөрийгөө халдвар аваагүй гэдэгт итгэлтэй байгаа тул шинжилгээ өгөх шаардлагагүй гэж мэдэгджээ.

“Энэ тийм том асуудал биш. Надад шинжилгээ өгөх шалтгаан алга. Миний бие маш сайн байгаа. Цагаан ордны эмч намайг тэгэх шаардлагагүй гэсэн. Надад ямар ч шинж тэмдэг илрээгүй байна” гэж тэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Өчигдрийн байдлаар АНУ-д Covid-19 вирусийн халдварын тохиолдол 900 хүрч, 29 өвчтөн нас барсан гэсэн тоо баримт байна. Сүүлийн гурван өдрийн дотор халдварын тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн юм.

Тус улсад хамгийн өндөр тархалттай байгаа мужууд нь Нью Йорк (173), Вашингтон (162) байна.

Гэхдээ мэргэжилтнүүд бодит тоо үүнээс хавьгүй өндөр байгаа гэж таамаглажээ. Вашингтон мужийн захирагч Жэй Инсли ирэх хоёр сарын хугацаанд халдвар тээгчийн тоо 64,000 хүрэх магадлалтай гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.